Өнөөдөр ОТИС-ийн дэргэдэх сургалт сурталчилгааны “Медиа технологийн төв”-ийн нээлт боллоо. Телевизийн болон радио студи, мультмедиа танхим, фото зургийн лаборатори гэсэн дөрвөн хэсгээс бүрдсэн тус төв сэтгүүлзүйн салбарын оюутнуудын нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх дадлагын бааз болох юм. 2006 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн телевизийн студийг бүрэн шинэчлэл хийж орчин үеийн техник тоног төхөөрөмж, тайз чимэглэл бүхий сургалтын төв болгон өргөжүүлсэнээр оюутнуудын болон багш, уран бүтээлчидийн хийсэн нэвтрүүлгүүдийг олон нийтэд хүргэх бүрэн боломж нээгдэж байгаа юм.
ОТИС-ийн сэтгүүлзүйн салбар 1998 оноос анхны элсэгчидээ авсан бөгөөд нийт 350 гаруй сэтгүүлч уран бүтээлчдийг бэлтгэн гаргажээ. Эх орныхоо өнцөг булан бүрт ард түмнийхээ эрх ашгийг хамгаалсан ган үзэгтэнүүд мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна. Тэдний залгамж халаа болсон оюутнууд өөрсдийн авсан гэрэл зургуудаар фото лабораторид үзэсгэлэн гаргаж “Colors” нэвтрүүлгийнхээ хэсгээс ирсэн зочдод үзүүллээ. Сэтгүүлзүйн 2 ангийн оюутан Б.Гарамбазар “Сэтгүүлч болно гэдэг миний багийн мөрөөдөл. Мөрөөдлөө биелүүлэхэд туслах хамгийн зөв сонголт минь ОТИС байсан. Өнөөдөр болж буй энэхүү төвийн нээлт миний сонголт зөв байсныг дахин баталлаа” гэсэн бол 4-р ангийн оюутан П.Мөнхзаяа “Бид хэдхэн сарын дараа сэтгүүлчидийн эгнээнд элсэн орно. Энэ их айлын үүдээр ороход бидэнд хэрэгтэй бүхий л практик дадлуудыг энэ танхимдаа олж авсан.” гэсэн юм.