Сайд Б.Батзориг:Монгол, Вьетнам 2 улсын хооронд махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд шууд нислэгтэй болох асуудлыг судална
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг-тай уулзлаа.
Уулзалтын эхэнд 60 гаруй жилийн дипломат харилцааны түүхтэй хоёр орон хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, санал нэгдэн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөн хэлсэн.
Монгол Вьетнам 2 улсын худалдааны эргэлт 40 гаруй сая ам доллар байна. Худалдааны эргэлтийг цаашид 50 сая ам.доллар болгох, 2 жилийн дараа 70 сая ам.доллар болгох зорилтыг тавин ажиллаж байна. Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад экспортлох хонь, ямаа, үхэр, адууны гүн хөлдөөсөн махны эрүүл ахуйн гэрчилгээг тохирч, эрсдэлийн үнэлгээ хийлгэх ХХААХҮ-ийн Сайд Б.Батзоригийн хүсэлтийг Элчин сайд дэмжсэн. Талууд ойрын хугацаанд дээрх ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд 2019 онд зохион байгуулагдах хоёр орны ээлжит Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд Сайд Б.Батзоригийг оролцохыг урьсан. Энэ үеэр БНСВУ-ын Үйлдвэр худалдааны яамтай танилцаж хамтын ажиллагаагаа хөгжүүлэх мөн 2 орны аж үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор шууд нислэгтэй болох зэрэг асуудалд анхаарал хандуулж дэмжиж ажиллахыг хүссэн юм.