Агаарын бохирдлын гамшгаас эхний ээлжинд иргэдээ хамгаалья

Агаарын бохирдлын гамшгаас эхний ээлжинд иргэдээ хамгаалья

Нитх дахь АН-ын бүлэг Засаг даргад санал хүргүүллээ

 

2017 оны төсвийн тодотголоор агаарын бохирдлыг бууруулахад нэмж 4,6 тэрбум төгрөг суулгасан. Ингэснээр 2017 онд нийт 8,4 тэрбумыг агаарын бохирдолд зарцуулахаар болсон юм.

Үүнтэй холбоотойгоор НИТХ дахь АН-ын бүлэг Нийслэлийн хотын дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод ажлын санал хүргүүллээ.

Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч байгаа энэ үед тодотголоор батлагдсан төсвийг иргэдээ агаарын бохирдлын гамшгаас хамгаалах богино хугацаанд шийдвэрлэх, яаралтай ажил зохион байгуулахыг АН-ын бүлэг санал болгосон байна.

Тухайлбал, утааны голомтод амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхдүүдэд онцгой анхаарч шүүлтүүр бүхий амны хаалт олгох, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан шаардлагатай арга хэмжээг авахыг санал болгожээ. Мөн агаарын бохирдол 1.5 метрээс доош илүү их хуримтлагддаг тул цэцэрлэгийн болон сургуулийн бага ангийн сурагчдад шүүлтүүртэй амны хаалт тогтмол зүүлгэх ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж АН-ын бүлэг үзжээ.

Түүнчлэн “Улаанбаатар цэвэр агаар” төслийн хүрээнд утааны 1, 2 дугаар бүсэд байгаа төрийн өмчийн цэцэрлэгүүдэд дотоод орчны агаар цэвэршүүлэгч олгож байгаа. Харин нийслэл хотын зүгээс утааны голомтод байрлаж буй төрийн өмчийн сургууль болон эмнэлгүүдийн дотоод орчны агаарыг цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг яаралтай олгох, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хориглох шийдвэрээ хэрэгжүүлэх,гГэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд хамрагдаагүй айл өрхүүдэд дулаалга, цахилгаан халаагуураа бага хүүтэй зээлээр авах боломжийг судлан Ногоон зээлийн сан байгуулах зэргийг тусгасан байна.