НИЙСЛЭЛИЙН 2018 ОНЫ ТӨСӨВ БАТЛАХ ТУХАЙ, НИЙСЛЭЛИЙН 2018 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД АСУУДЛААР НИТХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН
БҮЛГИЙН САНАЛ, ДҮГНЭЛТ
Улаанбаатар хот
ЭРХЭМ ХҮНДЭТ НИЙСЛЭЛЧҮҮД ЭЭ, ЭРХЭМ ХҮНДЭТ ТӨЛӨӨЛӨГЧИД ТА БҮХЭНДЭЭ ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн барьсан “Нийслэлийн 2018 оны төсөв батлах, Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах, Нийслэлийн өмчөөс 2018 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах болон Хувьчлалын жагсаалтаас хасах тухай асуудлаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг 2018 оны 12 дүгээр сарын 01-ний өдөр хэлэлцлээ.
Төсөв бол тухайн жилийн хөгжлийн хөдлөшгүй баримт бичиг тул тоо, үг, өгүүлбэр болгоны ард бодлого, үр дүн байх учиртай. Төсвийн үндсэн үүрэг бол хөгжлийн санхүүжилт хийж, орлогын тэгш бус хуваарилалтыг багасгахад чиглэх учиртай. Нийслэлийн 2018 оны төсвийг ерөнхийд нь авч үзвэл орлого өссөн, төсвийн үргүй зарлага ч өссөн гэхдээ, хөгжлийн санхүүжилт буюу хөрөнгө оруулалт эрс буурсан төсөв болжээ.
Төсвийн орлого нэмэгдүүлэх чиглэлээр.
Нийслэлийн төсвийн нийт орлого 2018 онд 800 тэрбум, 356,9 сая төгрөг болж, 2016 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 246,6 тэрбум төгрөгөөр буюу 44,5 хувиар нэмэгджээ. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад зах зээл дэх эрэлт 2017 онд нэмэгдэж, ойрын жилүүдэд өсөх таатай орчин бүрдэж, төсөв, мөнгөөр дутахгүй тааламжтай нөхцөл байдал үүсээд байна.
Төсвийн орлого нэмэгдсэн энэ үед нийслэлийн иргэдээс төсөвт ирүүлсэн саналуудаас хамгийн их дэмжлэг авсан гэр хорооллын дахин төлөвлөлт, зам тавих, өргөтгөх, дулаан цахилгааны хангамж, хуучин орон сууцны дулаалга, засвар үйлчилгээ, нийтийн тээврийн шинэчлэл зэрэг нэн тэргүүний ажлуудыг шийдэх хэрэгтэй гэж АН-ын бүлэг үзэж байна.
Өнгөрсөн оны Төсвийн нийт орлогын 85.1 хувийг татварын орлогоор бүрдүүлэхээр төлөвлөж байсан бол энэ жил дахин нэмэгдүүлж, 90.1 хувийг татварын орлогоор бүрдүүлэхээр байна. Энэ нь нийслэлийн орлогын 10 төгрөг тутмын 9 төгрөгийг иргэдийн орлогоос бүрдүүлж байна гэсэн үг. Нийслэлийн энэ оны төсөв ажил хийдэг, орлого олдог хүмүүсийн нуруун дээр ачаа үүрүүлсэн хэрнээ татварын бус орлого нэмэгдүүлэх чиглэлээр огт анхаарайгүй, санаачилгагүй төсөв болсон байна. Төр гэдэг бол ажил хийдэг хүмүүсийн орлогыг хамж аваад урсгал зардал хуваарилдаг газар биш ээ, харин хөдөлмөр эрхэлдэг, ажил хийдэг хүмүүстээ боломж олгодог, хөгжлийн бодлогыг иргэддээ тэгш хүртээдэг үүрэгтэй байгууллага гэдгийг сануульяа.
Нийслэл хотод татварын бус орлогоо нэмэгдүүлэх боломж байна аа. Нийслэл хот 1.2 их наядаар тоологдох эргэлтийн бус хөрөнгөтэй ч өмчийн менежмент хийх оролдлого хийсэнгүй, ажил санаачилсангүй. ОНӨҮГ-уудын менежментийг өөрчлөх, засаглалыг сайжруулах, хяналттай, хариуцлагатай ажиллуулах талаар АН-ын бүлэг удаа дараа саналаа илэрхийлж байгаа ч дорвитой өөрчлөлт гарсангүй. Гаргасангүй. Төрийн өмч гэхээрээ үнэгүйдэж, төрийн өмчит үйлдвэрийн газар гэхээрээ алдагдалтай ажиллаж болно гэх сэтгэлгээнээсээ бид салах цаг нэгэнт болжээ.
Урсгал зардлыг бууруулах чиглэлээр
Урсгал зарлага гэдэг бол үр ашигтай эсэх нь мэдэгдэхгүй урсаж байдаг гүйлгээ биш. Үр дүнтэй, хяналттай байх ёстой. Нийслэлийн 2018 оны төсөвт Хотын шуудын төсвийн урсгал зардлын нийт дүн 342.2 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь 2017 оны урсгал зардлын тодотгосон төлөвлөгөөнөөс 33 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн дүн байна. Үүнд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны зардал өмнөх оныхоос 5.8 хувиар өсч, 9 тэрбум болжээ. Нийслэлийн Засаг даргын захиран зарцуулдаг төсвийн нөөц хөрөнгийг 12.5 хувиар өсгөжээ. Төсвийн хэмнэлтийг үлгэрлэн манлайлах ёстой Нийслэлийн засаг дарга тодорхой үндэслэлгүйгээр өөрийн үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлсэнд нийслэлчүүдийн өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлье.
Нэмэгдэж буй 33 тэрбум төгрөгийг гэр хорооллын дахин төлөвлөлт болон орон сууцны хөтөлбөртэй уялдуулсан бол 3200 орчим яндан цөөрч, мөн тооны өрх орон байрны нөхцөлөө сайжруулах эхлэл тавигдах төсөв гэдгийг сануулья. Иймд АН-ын бүлэг урсгал зардлыг бууруулж, төсвийн сахилга батыг сахиж төсвийн хөрөнгө оруулалтыг хөгжилд чиглүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Энэ онд Хот тохижолтын зардал ч мөн огцом нэмэгдэжээ. 2016 оны гүйцэтгэлээр 28 тэрбум төгрөг хот тохижолтын зардал 12 тэрбум буюу 42 хувиар нэмэгдэж 40 тэрбум төгрөг болжээ. Хот тохижолтын зардлыг бид бууруул гэсэнгүй. Харин нэмэгдэж буй 12 тэрбум төгрөг гэдэг бол 6 дүүрэгтээ хүүхэд хөгжлийн ордон барих төсөв гэдгийг сануулья. Нэгэнт хот тохижолтын зардал 12 тэрбумаар нэмэгдэж байгаа учир ирэх оноос Нийслэл хотын гудамж бүр харагдах хог хаягдалгүй, тоос шороогүй, ногоон хот болох нь гэж бид ойлгож байна.
Төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой болгох чиглэлээр.
Орлого нь нэмэгдсэн ч шинэ бүтээн байгуулалтын төсөв хөрөнгө 48 тэрбум төгрөгөөр багассан төсвийг бид хэлэлцэн батлах гэж байна.
Чиг үүрэг нь давхардсан, холбогдох асуудлыг шийдвэрлээгүй зарим төсөл арга хэмжээг тооцоо судалгаагүй төлөвлөж, өмнөх онд үр дүн нь харагдаагүй ажилд зориулан дахин мөнгө суулгасан зэрэг замбараагүй төлөвлөлт цөөнгүй хийгджээ. Иймд тэвчиж болох урсгал зардал болон оновчгүй хөрөнгө оруулалтын зардлыг хасах саналтай байна.
Үүнд:
Аз жаргалтай хотын индекс тооцох аргачлал боловсруулж үе шаттай сайжруулах ажилд 2017 онд нэг тэрбум, 2018 онд дахин нэг тэрбумыг төлөвлөжээ. Аргачлал, индекс цаасан дээр боловсруулснаараа нийслэлчүүд аз жаргалтай болохгүй, иймд энэ төсвийг 700 саяар бууруулах.
Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний 3 тэрбум төгрөгийн зардлын 2 тэрбумаар бууруулах. Учир нь энэ төсвөөр юу хийх нь тодорхойгүй, шоу цэнгээний шинжтэй, үр дүнг нь хэмжиж болохгүй төсөв учир 2 тэрбумаар хасах саналтай байна.
Нийслэлийн өмчит байруудын урсгал завсарын 3.5 тэрбум төгрөгийг 3 тэрбумаар бууруулах. Нийслэлийн өмчит байруудыг жил бүр урсгал засвар хийх шаардлаггүй гэж бид үзэж байна.
Нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшууллын зардал болох 1.1 тэрбумыг 500 саяаар бууруулах.
Хөрөнгө оруулалтын зардалд буй Улаанбаатар хотын 2040 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах 450 сая төгрөгийг хасах. Учир нь ерөнхий төлөвлөгөөний концепцийг улсын төсөвт суулгах ёстой.
Нийтийн тээврийн нэмэлт үйлчилгээний нэмэлт зардал 58 тэрбум төгрөгийн нэмэлт болох 4 тэрбум төгрөгөөр бууруулах, Нийтийн тээврийн эцсийн зогсоолын зорчигч тээвэрчдэд зориулсан үйлчилгээний цогцолбор барих 800 саяыг тэвчиж болох зардалд оруулж хасах санал оруулж байна.
Мөн Автозамын тэмдэг, хайсны тоноглолын ажилд 500 саяыг төсөвлөсөн. Тэмдэг, тэмдэглэгээний зардал гэж 1 тэрбум байсныг 2 тэрбум болгон өсгөж төлөвлөсөн байна. Нийслэлийн хэмжээнд шинэ зам тавигдаагүй, замын урт нэмэгдээгүй байхад тэмдэг, тэмдэглээний зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагагүй тул хасах санал оруулж байна.
1. Нийслэлийн төсөвт иргэдээс ирсэн хамгийн олон санал нь гэр хороолын дахин төлөвлөлт байна. Нөгөөтэйгүүр хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Энэ бол гэр хороололд дахин төлөвлөлт хийх зайлшгүй шаардлага бий болсны илрэл. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хот ухарч болохгүй. Иймд 2018 онд гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийг уялдуулж 10 тэрбумыг нэмэгдүүлэх санал оруулж байна. Нийслэлийн хэмжээнд гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлыг бууруулахын тулд эл хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай.
- Нийслэл хотын нийтийн тээврийг сайжруулахгүйгээр замын түгжрэлийг шийдэх ямар ч боломж байхгүй. Өнөөдөр автобус цагаар явахаа больсон, иргэд автобус хүлээж, буудал дээр удаан зогсдог болсон, үйлчилгээнд явж буй автобусны тоо цөөрсөн, замын түгжрэл нэмэгдсэн байна. Гэтэл 2018 оны төсөвт нийтийн тээврийг шинэчлэх сайжруулах ямар ч ажил байхгүй. Харин нийтийн тээврийн нэмэлт үйлчилгээний зардлыг 54 байсныг 58 тэрбум болгохоор тусгажээ. Татаас нэмэгдүүлэхээс илүү үр дүнг тооцож, нийтийн тээврийн үйлчилгээний хяналтыг сайжруулахад анхаарах шаардлагатай гэж бид үзэж байна. Иймд нийтийн тээврээр сурагчдыг үнэгүй зорчиулах сурагчдын автобус төсөлд 4 тэрбум төгрөгийг хуваарилах санал оруулж байна.
- Нийслэлийн багш, эмч нарыг индексээр тооцож урамшуулах тогтолцоог хэрэгжүүлэхэд зориулж, төсвийн төсөлд суулгажээ. Өмнө нь багш, эмч нарт индексээр тооцож урамшуулал олгох ажлыг нийслэл хот 2013 оноос зохион байгуулж байсан, 2017 онд хасагдсан. 2018 онд төсөвт багш, эмч нарын урамшууллийн хэмжээг 300, 300 саяаар нэмэдгдүүлэх санал оруулж байна. Үр дүнтэй сургалт зохион байгуулж буй багшид олгож буй урамшуулал бол Монголын ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт гэдгийг онцлох нь зөв юм.
- Нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх асуудал нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байна. Нийслэлд ажил хийдэг хүний 68 хувь нь зээлтэй, тэтгэвэрийнхний 88 хувь нь зээлтэй байна. Гэтэл нийслэл хот “Нэг өрх-нэг ажлын байр“ хөтөлбөрт ердөө 300 сая төгрөг суулгасан байна. Хөдөлмөрийн чадвартай иргэддээ хөдөлмөрлөх, гарааны бизнесээ эхлүүлэх, хувиараа бизнес эрхлэх боломжийг нь бий болгохгүйгээр хот нь шоу зохион байгуулах ажил төлөвлөх нь зохисгүй гэж үзэж байна. Иймд “Ажилтай орлоготой Улаанбаатар” хөтөлбөрт зориулж, иргэдээ хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгоход ажилд 2 тэрбум төгрөгийг тусгах санал оруулж байна.
- Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар тодорхой бодлоготой ажиллаж, анхаарах шаардлагатай болсон байна. Иймд Аз жаргалтай Улаанбаатар хотын индекс тооцох аргачлал боловсруулан сайжруулах арга хэмжээний зардал 1 тэрбум төгрөгийг танаж, АН-ын бүлгийн эмэгтэй төлөөлөгчдийн санаачилсан хүүхдэд ээлтэй хот болох, хүүхдийн аюулгүй байдлыг хангах төсөл арга хэмжээнд зориулах тодорхой санал оруулж байна.
- Нийслэлийн хүн ам нэмэгдэхийн хэрээр хүүхэд залуусын өөрийгөө хөгжүүлэх боломжийг бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байна. Улаанбаатар хотын дүүргүүдийн номын сангийн засвар, тохижилт, нэгдсэн сүлжээнд холбох, номын баяжилт хийх хөрөнгө болох 500 сая төгрөгөөр нэмэгдүүлэх
- БГД-ийн 5,6,8,9,11,15-р хорооны нутаг дэвсгэрт хамрагдах Энэбишийн өргөн чөлөөний талбайн тохижилтын ажлыг эхлүүлэх 1 тэрбум төгрөгийг суулгах,
- Нийслэлийн орон сууцны 80 хувь нь хуучирсан. Угсармал орон сууны дулаан техникийн шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай болсон байна. Иймд угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлд 1 тэрбум төгрөгийг нэмэгдүүлж суулгах санал оруулж байна.
Мөн улсын төсөвт хөрөнгө тусгагдсан боловч газар чөлөөлж, нөхөх олговор олгох шаардлагатай төсөл, арга хэмжээг Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, шийдвэрлэх шаардлагатай гэж АН-ын бүлэг үзэж байна.
- Орон сууцны хороолол, хотхонуудын сургууль , цэцэрлэгийн газрыг чөлөөлж нийслэлийн эзэмшил рүү шилжүүлж авах
- Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд улсын төсөвт батлагдсан сургууль цэцэрлэгийн газрыг нөхөн олговортой чөлөөлөх ажлыг тусгах шаардлагатай байна.
Цаашид, Төсвийн орлого, зарлага санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, Төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулахад онцгой анхаарах, Төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, Шилэн дансны тухай хуулийг мөрдөж ажиллах, ажилдаа санаачлагатай, шуурхай, хариуцлагатай хандаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нарт Нийслэлийн мянга мянган иргэд, олон нийтийн өмнөөс сануулж байна.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр