Нийслэлийн ИТХ 2018 оны төсвөө өнөөдөр хэлэлцэж байна Нийслэлийн төсвийн нийт орлого 2018 онд 800 тэрбум, 356,9 сая төгрөг болж, 2016 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 246,6 тэрбум төгрөгөөр буюу 44,5 хувиар нэмэгдсэн. Нийслэлийн төсөв нэмэгдсэн, урсгал зардал нэмэгдсэн боловч нийслэлийн удирдлага эдийн засгийн хүндрэл ярьсан хэвээр тайлбар хийж байна.
АН-ын бүлгийн оруулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх, сурагчдыг нийтийн тээврээр үнэгүй зорчиулах асуудлаар санал хураалгахад НИТХ-ын олонх дэмжсэнгүй. НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нийтийн тээврээр зөөдөг болвол олон өөрчлөлт бий болно, үүнийг дэмжих чухал хэрэгтэй байна, багш эмч нарын урамшууллыг бид олгож байсан, одоо байгууллага дээр нь тавьсан байсан, байгууллага дээр тавихаар багш, эмч нарыг дэмжихэд асуудал үүсэж мэднэ, одоо төсөв мөнгө нэмэгдсэн байна, ийм учраас энэ мөнгийг нэмэгдүүлье, энэ бол багшаар дамжин том хөрөнгө оруулалт болно гэж байв. Гэвч багш, эмч нарыг урамшуулах хөрөнгийг нэмэгдүүлэх санал дэмжихгүй, 300 сая хэвээр үлдлээ.
АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Улаанбаатар хотод хаашаа ч харсан хийх ажил байна. Та бүхэн нэг өрх – нэг ажлын байр хөтөлбөрт 300-хан сая төгрөг тавьсан байна. Нийслэлийн иргэдийн ихэнх нь зээлтэй байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зайлшгүй шаардлагатай байна. Ийм учраас Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 2 тэрбум төгрөгийг нэмэгдүүлэх санал оруулж байна, Үүнийг та бүхэн дэмжээч” гэж санал хэлсэн боловч МАН-ын бүлэг дэмжсэнгүй.
Ингээд НИТХ дахь АН-ын бүлгийн оруулсан гэр хорооллын дахин төлөвлөлт, хүүхдүүдийг үнэгүй автобусаар зорчиулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, багш эмч нарыг индексээр урамшуулах мөнгийг нэмэгдүүлэх дөрвөн гол санал дэмжлэг авсангүй. Нийслэл хотын дарга хуралдааны үеэр намын бүлгийнхээ гишүүдэд АН-ын бүлгийн саналыг “No” гэхийг уриалж байсан нь НИТХ-ын хурлын бас нэг сонин байлаа.