Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д албан айлчлал хийгээд ирэв. Тус улсын гадаад харилцааны сайдын урилгаар очиж, хоёр орны хооронд үүссэн зарим асуудлыг шийдэх. Гадаад харилцааны сайд хоорондын хэлэлцээрийг хийжээ. Үүний зэрэгцээ хоёр улсын Төрийн тэргүүн, болон гүйцэтгэх засаглалын тэргүүн нарын айлчлалын талаар санал солилцсон байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд БНХАУ-д 2018 оны 2 сард айлчлах нь тодорхой бололтой. Энэхүү айлчлалын хүрээнд яригдах асуудал, шийдэгдэх хэлэлцээр зэргийг Гадаад харилцааны сайдын айлчлал илүү тодорхой болгосон бололтой. БНХАУ-ын хувьд Монгол улсад үзүүлэх хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж зэргээ боловсон байдлаар хойшлуулах хандлага ажиглагдах болсон. БНХАУ-ын зээл тусламжаар нэн тэргүүнд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийг хийхээр болоод байгаа билээ. Энэхүү ажлыг хийх хүсэлтэй гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэж, уг асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай санал солилцсон. Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлал уг асуудлыг бүрэн баталгаажуулах нь гарцаагүй. Мөн тус улсаас нэн хөнгөлөлттэй зээл, үүний зэрэгцээ юаны свопт хэлэлцээрийг үргэлжлүүлэх зэрэг асуудлыг ярилцах магадлалтай гэж зарим судлаачид таамаглаж байна. Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлал нь хоёр улсын хооронд үүссэн зарим таагүй харилцааг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Мөн гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хэлж байгаагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 6 сард БНХАУ-д айлчлах тухай цухас дурдав. Гэхдээ энэхүү хэлэлцээр тодорхой болоогүй гэсэн зүйлийг ч хэлсэн. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д очихгүй ч байж мэднэ гэсэнтэй ижилхэн сонсогдов. 2018 оны 6 сард БНХАУ-д Шанхай хамтын ажиллагааны байгууллагын ээлжит хурал болно. Уг хуралд Манай хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн төр засгийн тэргүүн нар оролцдог. Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү хуралд чухал ач холбогдол өгч, оролцож ирсэн түүхтэй. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд энэхүү хуралд оролцож, хоёр улсынхаа төрийн тэргүүнтэй яриа хэлэлцээр хийхийн зэрэгцээ гадаад бодлогын томоохон дэвшилт, улс бүс нутгийн хүрээний шийдвэрийг гаргалцаж байсан гэхэд болно. Мөн энэхүү хуралд оролцохдоо Монгол Улсын хувьд зарим харилцаа тааруу улсын дунд зуучлагч хэлбэрээр оролцож, яриа хэлэлцээрийг амжилттай хийдэг байв. Харин одоо энэхүү нөлөөлөл хадгалагдаж чадах уу? гэсэн асуулт яах аргагүй гарч ирнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд НҮБ-ын хуралд 2017 онд оролцоогүй. Уг нь уг хуралд оролцох шаардлага байсан. Гэвч хэмнэлт нэрээр яваагүй Ерөнхийлөгчийн хувьд чамгүй шүүмжлэлд өртсөн билээ. Яг ийм тайлбартайгаар БНХАУ-д болох Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хуралд бас оролцохгүй юм биш биз. Ийм нөхцөлд Монгол Улсын хувьд урд хөрштэйгээ ойлголцоход улам л төвөгтэй болж ирнэ. Тэгэхээр Төрийн тэргүүний хувьд хүссэн хүсээгүй БНХАУ-д айлчилж, хоёр орны тэргүүн, болон засгийн газрын төлөөлөлтэй яриа хэлэлцээр хийх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг судлаачид хэлж байна. Учир нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн дараачаас Монгол улсыг БНХАУ нь боловсон шахалтад оруулах болсон гэдэгтэй зарим судлаачид санал нэгдэж байгаа. Иймээс Төрийн тэргүүн болон Засгийн газрын тэргүүн нарын БНХАУ-д хийх айлчлал Монгол улсын эдийн засагт нөлөөлөх нь дамжиггүй ээ.