Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь 2018 оны улсын төсвийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавьсан билээ. 2018 оны Улсын нэгдсэн төсвийн орлогыг 5,2 их наяд төгрөг. Харин зарлагыг нь 7 их наяд төгрөг давуулан баталсан. Орлого нь бага байхад зарлага нь 2 их наяд төгрөгөөр давсан нь буруу гэсэн үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хандаж, хориг тавьсан билээ.
Өмнө нь Ерөнхийлөгчийн тавьсан хоёр ч хориг Монгол Улсын Их хурал, тэр дундаа эрх баригч МАН-д хүндхэн цохилт болж очсон. Эрх баригч намын хагарал Ерөнхийлөгчийн хоригт бүр ч илүү тод илэрсэн гэхэд болно. Хоёр хуваагдсан УИХ дахь МАН-ын бүлгийнхэн нэг нэгнээ хэмлэж, хэлцэл, талцал гэгчийг түмэн олонд толилуулсан билээ. Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн хориг тийм далайцыг эрх баригч намаас авахгүй нь бололтой.
Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор МАН-ын бүлэг ээлжит хурлаа хийж хэлэлцжээ. Эрх баригч намын бүлгийн хувьд Ерөнхийлөгчийн 2018 оны Төсвийн тухай хуулинд тавьсан хэсэгчилсэн хоригийг хүлээн авахгүй гэж шийдсэн байна. Нэг үгээр хэлбэл тэд орлого олохгүй ч өр тавиад зарлага гаргана гэсэн шийдвэртээ бат зогсохоор шийдсэн бололтой. Монгол Улсын төсөв сүүлийн 10 гаруй жил дандаа алдагдалтай явж ирсэн. Алдагдлыг Засгийн газрын бонд гаргаж нөхдөг. Энэ нь өнөөдөр үүсээд байгаа их өр юм. Монгол Улсын засгийн газрын өр нэмэгдэхийн хэрээр хүүнд асар их мөнгийг төлж, бүтээн байгуулалт хийх боломжоо алдсаар байна. Үүнийгээ болих зоригтой алхам, шийдэл үе үеийн засгийн газраас гарсангүй. Энэ удаагийн У.Хүрэлсүхийн засгийн газар ч гэсэн мөн л ийм шийдлийг олоогүй. Харин ч зарлага нь 2 их наяд давсан алдагдалтай төсөв батлуулж, ажиллах гэж байна. Үүний зэрэгцээ хавтгайрсан халамжийн бодлого үргэлжлэх болно. Энэ нь эргээд баялаг бүтээгчдээ шимж, шүүсийг нь сордог гаж тогтолцоог өөгшүүлсэн хэрэг хэмээн зарим эдийн засагчид шүүмжилж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, төсөвт тодорхой өөрчлөлт оруулах боломж байгаа гэдэг дээр эдийн засагчид санал нэгдэж байна. Харин эрх баригч МАН-ын бүлгийн хувьд тийм боломжийг олж харахыг хүсэхгүй нь бололтой. 2018 оны улсын төсвийн орлого 5,2 их наяд төгрөг байгаа бол зарлага нь ядаж л 6 их наяд төгрөг болгох шаардлагатай гэсэн санал ч зарим эдийн засагчдаас гарч байгаа. Өрийг өрөөр төлдөг, өрнөөс өрөнд шилждэг тогтолцооноос Засгийн газар салах цаг болсон. Үүний эхлэл нь төсөвт оруулах өөрчлөлт юм. Гэвч МАН мөнгө үрэх тухай бодохоос мөнгө хэмнэх тухай бодохгүй нь бололтой.