Энэ сарын 4-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд түр оршин суух гадаад улсын иргэний амь насыг хохироож, орчуулагч эмэгтэйг нь хүчирхийлсэн хэрэг гарсан талаар өчигдөр бид мэдээлсэн. Тодруулбал, махны ченж хийдэг хятад иргэн орчуулагч эмэгтэйтэйгээ цуг явж байгаад ийн халдлагад өртжээ.
Уг хэргийг Улсын мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эрэн сурвалжлах хэлтэс, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллагаа явуулан шалгаж байна. Улмаар уг хэргийг үйлдсэн дөрвөн иргэнийг саатуулжээ. Дорнод аймгийн Хэрлэн суманд амьдардаг байсан гэрээсээ сэжиг бүхий байдлаар хятад иргэн алга боллоо гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид мөрдөх ажиллагааг анх эхлүүлжээ. Гэвч түүнийг харамсалтайгаар амиа алдсан байхыг нь ийн олсон байна.
-ТАЛИЙГААЧИЙГ НАЙМАН УДАА ХУТГАЛЖ ХӨНӨӨСӨН БАЙЖЭЭ-
Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр, Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 23 настай Ц, 1995 онд төрсөн 22 настай Т, 1994 онд төрсөн 23 настай Т, 1992 онд төрсөн 25 настай П нар бүлэглэн тус иргэнийг хэрцгийгээр хөнөөсөн болохыг тогтоожээ. Одоо уг этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаачийг хүзүү болон цээжин тус газарт нь нийт найман удаа хутгалж, амийг нь хөнөөгөөд, орчуулагч бүсгүйг нь барьцаалж авч явсан байх бөгөөд цагдаа нарт баригдах хүртлээ түүнийг удаа дараа хүчирхийлсэн нь тогтоогдсон байна. Мөн тэдний мэдүүлгээр урьдчилсан байдлаар шунахайн сэдэлтээр уг хэргийг үйлдсэн байж болзошгүй гэсэн дүгнэлт гараад байгаа юм байна.
-ТЭДЭНД ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 10, 12-Р ЗҮЙЛ АНГИАР ЭРҮҮ ҮҮСГЭЖЭЭ-
Гэмт этгээдүүдэд Эрүүгийн шинэчилсэн хуулиар хүнийг бүлэглэн санаатай алах болон хүчиндэх гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн:
10.1 дүгээр зүйл. Хүнийг алах
1. Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг:
2.1. онц харгис хэрцгийгээр;
2.2. олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
2.3. захиалгаар;
2.4. өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
2.5. өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
2.6. хоёр, түүнээс олон хүнийг;
2.7. хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж;
2.8. гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
2.9. эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
2.10. зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
2.11. бүлэглэж;
2.12. эрүүдэн шүүж;
2.13. цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
2.14. үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
12.1 дүгээр зүйл. Хүчиндэх
1. Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.
Б.ЦЭЛМЭГ
эх сурвалж: medee.mn