Засгийн газар хуралдаанаар нэгэн томилгоо хийгдлээ. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Түүний оронд Х.Хэрлэнг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилохоор болсон байна. Х.Хэрлэнгийн хувьд өмнө нь Ашигт малтмалын газарт кадастрын албанд ажиллаж байсан. Мөн өмнө нь хэд хэдэн удаа Ашигт малтмалын газрын даргаар томилогдох гэж зүтгэж байсан нэгэн билээ.
Энэ дагуу өчигдөр Б.Баатарцогт албан ажлаа Х.Хэрлэнд хүлээлгэн өгч, тамгаа шилжүүлжээ.
Х.ХЭРЛЭНГИЙН ТОВЧ НАМТАР
-1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ЕБД сургууль,
-1985-1991 онд Политехникийн дээд сургууль,
-1999-2001 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөж,
-2009 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалсан байна.
-1991-1992 онд Барилгын зургийн институтэд зургийн техникч,
-2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны дарга,
-2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга,
-2007-2010 онд “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал,
-2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга,
-2012 оноос “Эйч Ти Эм” ХХК-ийн захирал
Х.Хэрлэнгийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ойр харилцаатай нэгэн. Нэг үгээр хэлбэл У.Хүрэлсүхийн шадар найз нарын нэг юм. У.Хүрэлсүх нь МАН-ын 2000 оноос хойшхи Ерөнхий сайд нараас Х.Хэрлэнг Ашигт малтмалын газрын даргаар томилуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан гэдэг мэдээлэл байдаг. Энэ тухай МАХН-ын дарга Н.Энхбаяр нэгэн удаа ам алдаж байсан билээ.
Ийнхүү Ерөнхий сайд өөрийнхөө ойрын хүнийг Ашигт малтмалын газрын даргаар томилуулах алхамыг амжилттай хийж чадлаа.