Монгол Улсын Засгийн газар шинээр бүрэлдэн ажиллаж эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ирэх жилийнхээ төсвийг батлуулж, ажилдаа ханцуй шамлан оров. У.Хүрэлсүхийн засгийн газрын хувьд нэгэнт эрх мэдлийг авсан учраас багаа бүрдүүлэн ажиллах нь зүй ёсны хэрэг. Энэ хүрээнд зарим нэг өөрчлөлтийг энэ 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар эхлүүллээ.
Тухайлбал Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр Х.Хэрлэнг уг албан тушаалд томилсон билээ. Энэ бол хагас сарын өмнөөс яригдсан томилгоо гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Х.Хэрлэнгийн хувьд өмнө нь тус байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Мөн хувийн хэвшилд ажиллаж байсан нэгэн юм.
Мөн энэ 7 хоногт 2 ч яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарав. Нэгд: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямааг ажлаас нь чөлөөлсөн байна. Б.Нямаагийн хувьд өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон гэх мэдээлэл байна. Өөрийн хүсэлт гэдэг үг нь зөвхөн хачир. Харин шинэ сайд, шинэ багаа бүрдүүлэх нь гарцаагүй. Энэ утгаараа өөрчлөлт хийгдэж байна гэх яриа байгаа юм.
Мөн Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормааг мөн л үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Түүний хувьд дардан замаар уг албан тушаалд очоогүй нэгэн. 2016 оны сонгуулийн дараа тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар Баярсайхан гэгч хадагтай ажиллаж эхэлсэн. Гэвч салбарт нь үүссэн нөхцөл байдал, зарим нэг шалтгааны улмаас түүнийг ажлаас нь чөлөөлж, Ж.Болормааг томилсон билээ. Гэвч сайд нь солигдож, Засгийн газрын бүрэлдэхүүн бүрэн өөрчлөгдсөн нь Ж.Болормааг суудалтайгаа үлдэхэд саад болов бололтой. Түүнийг шинэхэн засаг багтаа багтаахыг хүсээгүй гэдэг нь гаргасан шийдвэрээс нь харагдаж байна. Одоогоор оронд нь очих хүний тухай яриа хараахан гараагүй байна. Зарим эх сурвалжийн өгүүлж байгаагаар бол МАН-ын ажлын албанаас хүн ирж магадгүй гэсэн таамаг яриа гараад байна. Харин энэ талаар Засгийн газрын зүгээс ямар нэгэн мэдээлэл байхгүй. Одоогоор яригдсан хүн алга гэдэг мэдээллийг өглөө.
Ийнхүү Засгийн газрын хувьд нэгэнт шинээр бүрэлдсэн учраас багаа ч шат шатандаа шинээр бүрдүүлж эхлэх бололтой. Үүний нэг нь 2018 онд ажиллах бүтэц, бүрэлдэхүүний зураглал гэнэ. Хэдийгээр Засгийн газрын яам, агентлагийн тоо өөрчлөгдөөгүй ч, дотоод зохион байгуулалт, газар, хэлтэс, албаны өөрчлөлтийг хийх бололтой. Үүгээрээ дамжуулан зарим багаа бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн мэдээлэл байгаа юм. Хэд хэдэн төрийн байгууллага ийм өөрчлөлтийг эхлүүлсэн мэдээлэл байна.