Монросцветмент ХХК-ийн Ерөнхий захирлаар сүүлийн 4 жил ажиллаж байгаа эрхэм бол До.Ганболд. Ардчилсан нам засаг толгойлох бүрт чимээгүйхэн нэг том албан тушаалд очдог эрхэм гэж тус намын нөхөд нь тодорхойлдог юм билээ.
2015 оны дундуур До.Ганболд нь Монросцветмент ХХК-ийн Ерөнхий захирлын ажлыг хүлээн авсан байдаг. Уг ажлыг авсан цагаасаа эхлэн Төмрийн хүдэртэй холбоотой бизнес дээр чамгүй будлиан хутгасан гэх мэдээлэл энэ оны дундаас эхлэн гарч эхэлсэн байдаг. Тухайлбал Авлигатай тэмцэх газраас До.Ганболдыг Төмрийн хүдрийн бизнестэй холбоотойгоор нэлээд дээрээс шалгаж эхэлжээ. Энэ оны 9 сард ийм мэдээлэл мэр сэр гараад өнгөрөв.
Харин өчигдөр орой До.Ганболдыг баривчилсан талаар дуулдаж эхэллээ. Зарим эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр бол До.Ганболдыг АТГ-аас төмрийн хүдрийн бизнесийг хийхдээ улсад хохиролтой, худалдан авч талд ашигтай нөхцөлөөр борлуулсан. Үүнээсээ өөрөө болон өөрийн хамаарал бүхий этгээдэд ашиг олох боломжийг олгосон гэж буруутгасан хэмээн мэдээлэл өгч байна. Гэхдээ энэхүү мэдээлэл нь бүрэн баталгаатай биш. Хэдэн сарын өмнө Монросцветмент ХХК-ийн Ерөнхий захирал До.Ганболд нь 2016-2020 оны хооронд тус компанийн эзэмшлийн Баргилтын уурхайгаас олборлох Төмрийн хүдрийг БНХАУ-ын компанид хямдхан зарахаар гэрээ хэлцэл байгуулахаар зүтгэж байна гэх шүүмжлэл гарч байсан билээ. Энэ цаг мөчөөс эхлэн түүнийг шалгах ажиллагаа эрчимжсэн гэх мэдээлэл байдаг.
До.Ганболдыг АТГ-аас баривчилж, урьдчилан хорих 641-р ангид саатуулсан гэх мэдээлэл байна. Түүнийг шалгах явцад Төмрийн хүдрийг гадаад зах зээлд борлуулахдаа ижил үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн үнээс даруй 3-5 дахин бага үнээр худалдааж байсан байж болзошгүй. Үүний цаана өөрөө болон өөр хамтрагчдын хамт их хэмжээний мөнгө олсон байх магадлалтай гэх таамаг мэдээлэл гарч эхлээд байна. Үүнийг Авлигатай тэмцэх газраас хараахан баталгаажуулж мэдээлэл өгөөгүй байна.
Дашрамд сонирхуулахад одоо дэлхийн зах зээл дээр Төмрийн хүдрийн ханш 68,50 ам долларын ханштай байна. Төмрийн хүдрийн ханш өсөх буурах нь Монголын эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг. Учир нь Монголын экспортын гол хоёр ашигт малтмалын нэг нь Төмрийн хүдэр юм. Төмрийн хүдрийг Монгол Улс БНХАУ-д экспортлон худалдаалж байна.
До.Ганболд өмнө нь ямар ажил хөдөлмөр эрхэлж байв
До.Ганболд нь 1996-2000 оны үед Ардчилсан холбоо эвсэл Засгийн газрын эрх мэдлийг атгаж байхад Элсний 13 гэгчийг үүсгэн бужигнуулж явсан нэгэн. Нэг үгээр хэлбэл улс төрд Элсний 13 гэсэн нэрийг бий болгосон нэгэн юм. Тус нэршилд багтаж, Засгийн газрыг огцруулж явсан 13 эрхмээс өнөөдөр өндөр албан тушаалтай яваа хүний нэг нь До.Ганболд. “Соус говь сэндс” хэмээх Канадын хөрөнгө оруулалттай Өмнөговь болон хэд хэдэн аймагт нүүрс гэх мэт ашигт малтмалын томоохон ордыг эзэмшдэг компанитай До.Ганболд гэх эрхмийг нэр холбоотой явдаг. Учир нь түүний хувьд уг компанийн зөвлөхөөр ажиллаж байсан билээ.
До.Ганболдын хувьд 1996-2000 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажилласан. Харин түүнээс хойш хувийн бизнес эрхлэж яваад 2015 онд Монросцветмент ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллах болсон юм.
ДО.ГАНБОЛД ГЭЖ ХЭН БЭ
1963 оны аравдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төржээ
1987 онд Уралийн политехникийн дээд сургуулийг металлургийн инженер мэргэжлээр төгсчээ.
1987-1988 онд хилийн цэрэгт алба хааж,
1988-1990 онд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байсан.
1990 оны тавдугаар сараас Эрдэнэт дэх Монголын Ардчилсан намын зохицуулагч,
1990-1992 онд Монгол Улсын Бага хурлын гишүүнээр тус тус ажилласан.
1992 оноос Монголын Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга,
1992 оны аравдугаар сараас тус намын Ерөнхий зөвлөлийн гишүүн
1993-1996 онд хувийн бизнес эрхлэн, “Инч” компанийн захирал,
1996-2000 онд УИХ-ын гишүүн,
1998 оны арван нэгдүгээр сараас 2000 оны зургадугаар сар хүртэл УИХ-ын дэд даргаар ажиллаж байв. Мөн тэрээр Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргаар 1998-2000 оны хооронд ажилласан.
2000 оноос хувийн бизнесээ эрхэлжээ.
Улс төрөөс хэсэгтээ ангид байсан түүнийг 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Төв аймгийн Засаг дарга болох нь гэсэн яриа дэгдэж байлаа. Энэ цаг мөчөөс эхлэн улс төрд чимээгүй далд хэлбэрээр оролцох болсон гэдэг.