МАХН-ын их хурал гэгч нэртэй сүржин агаад даржин хурал Төрийн ордонд өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрөв. Энэхүү хурлын МАХН-ын гишүүн, тус намын төрд төлөөлж байгаа ганц эрхэм болох О.Баасанхүү гишүүн санаачлан хийжээ. Энэхүү хуралд МАХН-ын анхан болон дунд шатны намын байгууллагын төлөөлөл хэмээх 1000 хүн цугларсан мэдээлэл байна. Бүгд МАХН-ын батлах өвөртөлсөн. Намын жинхэнэ гишүүн эсэхийг зөвхөн хурал зохион байгуулагч нар л мэднэ. Олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд танилцуулж байгаагаар бол МАХН-ын төлөөлөл болсон 1000 хүн цугларч их хурлаа зохион байгуулж байгаа гэсэн юм.
За энэ хурал ч яахав. Болсон, намынхаа асуудлыг ярьсан гээд ойлгочхож болно. Гэхдээ хурлаас гарсан шийдвэр, хурал болсон цаг мөчлөг, хурал зохион байгуулсан далайц зэргээс харах юм бол О.Баасанхүү гишүүн яасан бяртай байх юм. О.Баасанхүү гэдэг хүн мөнгөтэй, хөрөнгөтэй, 1000 хүн Төрийн ордны их танхимд цуглуулж, бүтэн өдрийн хурал зохион байгуулах хэмжээнд хүрчхэж гэж дүгнэж болохоор юм. Эсвэл нөгөө талаасаа хардах эрх хүн бүрт бий. Энэ утгаар нь авч үзэх юм бол МАХН-ын их хурлыг зохион байгуулсан О.Баасанхүүгийн хувьд аль нэгэн улс төрч, эсвэл өөр нэгэн нам хүчнээс тусламж дэмжлэг авч 1000 хүний ирцтэй хурлын зохион байгуулжээ гэж таамаглаж болно. Ийм таамаг эрчтэй явж эхэллээ. Олны үг ортой гэгчээр үнэн байх магадлалтай. Харин О.Баасанхүү хэнээс ямар тусламж авч, хэний хөрөнгөөр бэл бэнчинтэй хурал зохион байгуулж, намын дарга хэмээх сэтэр зүүхийг хүссэн вэ? Энэ л харин таамаг болж мэдэх нь.
Зарим эх сурвалж, улс төрчдийн таамаг яриагаар бол О.Баасанхүү гишүүний ард сөрөг хүчин болох АН-ын томоохон лидер, улс төрчид байгаа сурагтай. Харин нөгөө хэсэг нь О.Баасанхүүгийн ард ташуур өгч, чамгүй хөрөнгө гаргаж, хурал зохион байгуулах, Н.Энхбаярын эсрэг турхирах бүх боломжоор хангаж байгаа хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байж болзошгүй гэсэн хардлага яваад эхэллээ. Энэ бас л таамаг. Батлагдахгүй
Ямартай ч О.Баасанхүү гэдэг гишүүний хувьд 1000 хүн цуглуулж, МАХН-ын их хурал гэгчийг хийв. Тэр хурлаас гарсан хамгийн сонирхолтой шийдвэр нь МАХН-ын даргаар О.Баасанхүүг томилсон явдал юм. Тус хурлын үед МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьян, МАХН-ын гишүүн Оюунбаатар нарын эрхмүүд эсэргүүцэж, хууль зөрчсөн, намын дүрэм журмыг зөрчсөн хурал хэмээн мэдэгдэж байв. Энэ бүхний дараа Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс мөн л МАХН-ын их хурлыг зохион байгуулав. Эндээс нэг л зүйл баталгаатай боллоо. МАХН хоёр талд хуваагдаж, хоёр даргатай болж, хэн нь тамгаа авах вэ? гэдгээ шүүхээр шийдүүлэх хүртлээ улс төржих нь гарцаагүй.
2012 оны сонгуулийн дараа залуу улс төрчид нэгдэж ХҮН гэгч намыг байгуулж байлаа. Тэр үед уг намын нэр хүнд өсч, гол хоёр улс төрийн хүчний шүдний өвчин болж мэдэхээр байсан юм. Ийм үед нь тухайн нам бас л хуваагдал, талцал болж 2016 оны сонгуульд олно гэсэн амжилтын төлөвлөгөө нь талаар болж байсан билээ. Тэрхүү намыг өвдөг шороодож, хоёр хуваагдаж, хэнд ч хэрэггүй болоход МАН болон АН-ын улс төрийн лидер эрхмүүдийн нөлөө, санхүүжилт, тоглоомын дүрэм нөлөөлсөн гэж улс төр судлаачид үздэг. Яг л дээрх дүр зургийг дахин давтахаар МАХН-ыг хувааж эхэллээ гэсэн яриа гарав. Хэд ч тасарсан гүрвэлийн дайтай гэгчээр Н.Энхбаяр гэгч эрхэм гэмт хэрэгт буруутгагдаж, шүүхээр гэм зэмтэй гэж ял уншуулж, мөн хэрэг нь хэрэгсэхгүй болсон өнгөрсөн цаг хугацаанд түүний улс төр дэхь нэр хүнд, нөлөө оршин тогтносон хэвээрээ байгаа нь 2020 болон 2021 оны сонгуульд улс төрийн хоёр гол хүчний айх айдсынх нь ундарга гэж болно. Хэрэв Н.Энхбаяр МАХН-ын дарга хэвээрээ 2020 оны сонгуульд оролцсон нөхцөлд парламентад дор хаяж 5 суудал авах магадлалтай. Бараг бүлэг байгуулчхаж мэднэ. 2012 оны сонгуулийн үр дүн шиг. Үүнийг л дахин давтахгүйн тулд улс төрийн хоёр голлох хүчнийхэн эмээж байгаа нь гарцаагүй юм.
О.Баасанхүүгийн хутгасан бантан бол мэдээж хэрэг МАХН-ын дарга болсон гэх шийдвэр. Энэхүү шийдвэр нь бодитой, хууль журамд нийцсэн, МАХН-ын дүрмийн хүрээнд болсон эсэхийг нягталж, баталгаажуулах газар нь дээд шүүх. Дээд шүүхийн хувьд АН болон МАН-ын төлөөллөөс бүрдэж байгаа. Тэр дундаа АН-ын талын төлөөлөл дээд шүүхэд давамгайлж байгаа гэхэд болно. Дээд шүүхийн шийдвэрт улс төрийн нөлөө орох эсэхээс хамаарч О.Баасанхүүгийн хутгасан бантангийн гурил багсрагдах эсэх нь хамаарах нь дамжиггүй юм. Ямартай ч энэ бантанг шийдэх гэж хэсэгтээ л улс төржилт болно. Н.Энхбаяр зүгээр нэг найр тавиад тамгаа О.Баасанхүүд гардуулчихгүй. Харин ч эцсийн мөч хүртэл О.Баасанхүүгийн эсрэг ажиллах нь гарцаагүй. Нэг бол О.Баасанхүүгийн улс төрийг 2020 оны хавраар дуусгах төлөвлөгөөг ч баримтлах магадлалтай. Энэ утгаар нь авч үзэх юм бол О.Баасанхүүгийн эхлүүлсэн бантан өөрийнх нь идэш, эсвэл өрөөлийн идэш болж дуусах магадлалтай юм.