Нийслэлийн 2018 оны төсвийн 10 онцлох асуудал

Нийслэлийн 2018 оны төсвийн 10 онцлох асуудал

Нийслэлийн ИТХ Улаанбаатар хотын 2018 оны төсвийг энэ сарын 4-ний өдөр баталсан. Батлагдсан төсвийн онцлох 10 асуудал:

 

  1. 1. Нийслэлийн төсвийн нийт орлого 2018 онд 800 тэрбум, 356,9 сая төгрөг болж, 2016 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 246,6 тэрбум төгрөгөөр буюу 44,5 хувиар нэмэгджээ. Нийслэлийн удирдлага 2 жилийн өмнөхтэй харьцуулахад ажил хийх мөнгө ихтэй болжээ.
  2. Амьдарч буй нийгмээ сайн сайхан болгох гэж иргэд татвараа төлсөөр байна. Нийслэлийн төсвийн орлогын 90,1 хувийг буюу 721,5 тэрбум төгрөгийг нийслэлийн татвар төлөгчид бүрдүүлэх юм байна. 2017 онд татварын орлого нийт орлогын 85,1 хувийг бүрдүүлж байжээ.
  3. Нийслэл хот 1.2 их наядын эргэлтийн бус хөрөнгөтэй, 26 орон нутгийн өмчит үйлдвэрийн газартай. Гэвч Нийслэлийн төсвийн татварын бус орлого нийт орлогын 9,9 хувийг эзэлж байна. Татварын бус орлого дотор жин дарах орлого нь хүү торгуулийн орлого нэмэгдсэн явдал юм. Хотын иргэдэд татвар, хүү, торгууль өндөр ногдуулах нь ээ.
  4. Нийслэлийн төсвийн орлогын 90,1 хувийг төр үйл ажиллагаагаараа бус, иргэдийнхээ төлсөн бүрдүүлж байгаа ч нийслэлд хийх хөрөнгө оруулалтын ажлыг өмнөх оныхоос 48 тэрбумаар буюу 30,2 хувиар бууруулж, 111,5 тэрбум болгожээ. Өөрөөр хэлбэл иргэдийн хүсэл 90 хувиар нэмэгдэхэд, биелэлт 30 хувиар буурч байна.
  5. Аз жаргалтай хотын индекс тооцох аргачлал боловсруулж үе шаттай сайжруулах ажилд 2017 онд 1 тэрбум төгрөг зарцуулсан бол 2018 онд дахин 1 тэрбумыг зарцуулахаар боллоо. Нийслэлчүүдийг аз жаргалтай болгох гэж нийслэлийн удирдлага жил бүр аргачлал боловсруулдаг болжээ.
  6. Нийслэлийн ОНӨҮГ-ууд 26 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Гэхдээ компанийн засаглалыг сайжруулах ямар ч алхам хийгдсэнгүй. Ялсан намын ажлын байр бий болгох талбар хэвээрээ, алдагдалтай ажиллах нь ээ.
  7. 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хотын зам бүртийх цас мөсгүй, хоггүй, цэвэрхэн хот болох нөхцөл бүрдлээ. Хот тохижилтын зардал 2016 онд 24 тэрбум байсныг 2017 онд 33 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 2018 онд 40 тэрбум боллоо.
  8. Хотын төсвийн нийт урсгал зарлага 33 тэрбум төгрөгөөр өсчээ. Энэхүү захиргааны зардал 2016 онд 291,9 тэрбум байсан бол 2017 онд 308,7 тэрбум, 2016 онд 342,2 тэрбум болсон байна. Үүнээс НЗДТГ-ын үйл ажиллагааны зардал өмнөх оныхоос 5.8 хувиар өсч, 9 тэрбум болжээ. Нийслэлийн төсвийн нөөц хөрөнгийг мөн 12.5 хувиар өсгөжээ.
  9. Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн Аялал жуулчлалын төв болгох зорилгоор шоу цэнгээн зохион байгуулах ажилд 2017 онд 3 тэрбумыг зарцуулсан. 2018 оны төсөвт дахин 3 тэрбум төлөвлөж баталсан байна. Манай хот жил бүр 3 тэрбум төгрөг зарцуулж, Лас Вегас шиг хот болох нь ээ.  
  10. Нийтийн тээврийн татаас 54 тэрбум байсныг 58 тэрбум болгож өсгөжээ. Нийтийн тээврийн шинэчлэл хийгдэхгүй нь, харин татаас өссөөр байна. 2018 оноос хүүхдүүдийг аюулгүй, шуурхай тээвэрлэх сургуулийн автобус гаргах АН-ын бүлгийн гаргасан санал дэмжигдээгүй байна.