АТҮТ-ийн бүртгэлтэй автобус 300 тарваганы арьс Хятадын хилээр гаргах гэж байгаад баригдлаа
Авто тээврийн үндэсний төв гэж “чих” халууцуулсан нэг байгууллага байх юм. Тэдэнд айх айдас ч алга. Тэдний хууль бус үйлдэл Монгол Улсаас халиад аль хэдийнэ хилийн дээс алхжээ. Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүдээс БНХАУ-ын Эрээн хот руу улс хоорондын зорчигч тээвэрлэдэг 5673 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслээр /автобус/ 300 ширхэг тарвагны арьс нууж, улсын хил давуулж байгаад баригдсан хэрэг гарсан байна. Улмаар, БНХАУ-ын Эрээн хотын хилийн цэрэгт баригджээ. Энэ тухай мэдээллийг өмнөд хөршийн хэвлэл мэдээллийн сувгаар мэдээлж байгаа юм.
Тус тээврийн хэрэгсэл нь төрийн өмчит Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлтэй бөгөөд жолооч нь төрийн албан хаагч байсан аж. Энэхүү үйлдэл нь хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийг ноцтой зөрчсөн төдийгүй төрийн байгууллагын нэр хүндийг уландаа гишгэсэн явдал болжээ.
Мөн БНХАУ-ын хуулиар тус тээврийн хэрэгслийг улсын өмчөөр хураан авч, тус жолоочийг 5-9 жил хорих хуультай байдаг аж. Хятад улсын телевизээр төрийн байгууллагын автобус, төрийн албан хаагчид нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээ зөрчиж, хууль бус үйлдэл хийлээ хэмээн онцолж, олон нийтэд мэдээллийг цацсан байх юм.
Энэхүү хууль бус үйлдлийг төрийн албан хаагч жолооч дангаараа хийгээгүй. Харин Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн дарга болон хоёр менежер ч холбоотой байх магадлалтай гэнэ. Авто тээврийн үндэсний төвийн хуудуутай үйлдэл ганцхан энэ биш юм. Хэрэг явдлыг эргэн сануулвал, өнгөрөгч арваннэгдүгээр сарын 13-нд АТҮТ-д АТГ-аас шалгалт хийсэн тухай манай сонин анх мэдээлж байлаа.
Энэ үеэр Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын өрөөнөөс тодорхой хэмжээний мөнгө хурааж, түүнийг баривчлан 461 дүгээр хорих ангид хоригдож байгаа. Түүнийг нүүрсний том оврын машинуудад өгдөг С зөвшөөрлийг 1000 машинд олгосон байх магадлалтай хэмээн шалгасан.
Хилээр нүүрсний том оврын 1500 машин гарсан гэх албан мэдээлэл байсан бөгөөд төвөөс олгосон С зөвшөөрлийн тоо хилийн мэдээтэй зөрж байсан учраас зөвшөөрлийг олноор хууль бусаар зарсан байх магадлалтай гэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэсэн юм. Тус байгууллагын хуудуутай үйлдэл ийнхүү үргэлжилсээр. Энэхүү хэргийн талаар бид маргаашийн дугаартаа дэлгэрэнгүй хүргэх болно.
эх сурвалж:dardas.mn