Хөгжлийн банкнаас төгрөгийн зээл аваад, ханшийн зөрүүгээ татвар төлөгчдөөр нөхүүлдэг улс төрчид

Хөгжлийн банкнаас төгрөгийн зээл аваад, ханшийн зөрүүгээ татвар төлөгчдөөр нөхүүлдэг улс төрчид

-ТОМЧУУДЫН АВСАН ЗЭЭЛИЙН ХАНШИЙН ЗӨРҮҮГ ТАТВАР ТӨЛӨГЧИД ТӨЛЖ БАЙНА-

Манайд нэг ийм жишиг байна. Нэг бол баялаг бүтээж, ажлын байр бий болгон, татвар төлж буй хувийн хэвшлүүдээ төрөөс зориуд үзэн ядуулах технологи хэрэглэдэг. Эс бол улс төрд өндөр рейтингтэй яваа бизнес эрхлэгчдэдээ хамаг зээлээ өгөөд, үе үеийн Засгийн газар дамжуулан толгойг нь илдэг байдал. Хоёулаа сөрөг үр дагавартай. Үзэн ядуулах технологид өртдөг хэсэг нь айж бэргээд, нэг ёсондоо шантралын шат руугаа ордог. Харин, улс төр, нам дагах замаар том эрх нөлөөгөө ашигладаг хэд нь улам л гаараад  байдаг.

Эдгээрийн төгс нийлмэл гэмээр жишгийг Хөгжлийн банкны “Чингис”, “Самаруй” бондын мөнгөнөөс манай томчуудын авсан зээлээс харж болно. Хамгийн сонирхолтой нь, тэд зээлээ төгрөгөөр авсан. Харин тэдний зээлийн эх үүсвэр болох ам.доллараар манай улсад орж ирсэн “Чингис” бондын хүү 4.1-5.1 хувь, Самурай бондынх 1.52 хувь.

Гаднаас ээлж дараалсан бондын мөнгүүд цуварч, ам.долларын ханш 1400 төгрөгт хэлбэлзэж байх үед ч яах вэ. Улсын төсөвт онцын хүндрэл өгөөгүй. Энэ утгаараа манай бизнес эрхлэгчид жилийн таван хувь орчмын хүүтэй төгрөгийн зээл авч, аз нь алгандаа багтаж ядан байв.

Өнөөдрийн түвшинд бол өөр. Ам.долларын ханш эдүгээ 2400 төгрөг давж, 2012 оноос хойш даруй 1000 төгрөгөөр өсчээ. Гэхдээ энэ нь Хөгжлийн банкнаас төгрөгийн зээл авсан манай томчуудад огтоос хамаагүй. Учир нь тэд жилийн таван хувийн төгрөгийн зээлээ хэвийн төлөөд л явчихна. Харин нэг ам.доллар тутмын ханшийн зөрүүний 1000 төгрөг хэдэн арван саяар үржигдэж, улсын төсөв дээр ачаа үүрүүлж байна. Олон нийтийн төдийлөн анзаардаггүй өнцөг ердөө л энэ.

Тухайлахад, ирэх оны төсвийн нийт зарлагын 15.4 хувь нь гадаад зээлийн хүүгийн төлөлтөд зарцуулагдаж буй. Үндсэндээ 1.5 их наяд төгрөгийг жилдээ төсвийн мөнгөнөөс өмнө авсан гадны зээлийн хүүдээ төлж байна гэсэн үг. Улсын төсөв татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг. Ухаандаа, татвар төлөгчид Хөгжлийн банкнаас авсан “МАК”, “Монроуд”, “Эрэл”, “Скай ресорт” зэрэг улс төрийн хүрээний томчуудын зээлийн хүүний ханшийн зөрүүг төлж байна. Үнэг арслангийн үлгэрт гардагчлан манай томчууд ёолж, харин татвар төлөгчид тэдний ханшийн зөрүүг үүрч буй юм.

-ХЭН ХЭН ЯМАР ЗЭЭЛ АВЧ БАЙВ-

Хөгжлийн банкнаас манай улс төрчдийн авсан төгрөгийн зээлийн дүнтэй цухас танилцъя. Эдгээр зээлүүд нь улсын төсвөөс эргэн төлөгдөх, төслийн орлогоос эргэн төлөгдөх гэсэн хоёр ангилалттай. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн жагсаалтад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан нар ард нь байдаг гэгддэг “Говийн зам” компани 170.6 тэрбум, “Скай Ресорт” компани /төслөөс эргэн төлөгдөх нөхцлөөр/ 125 тэрбум төгрөгийн зээлийг тус тус авчээ.

“Говийн зам” компани зээлийн мөнгөөрөө Тавантолгойн бүлэг ордоос Гашуун сухайт хүртэлх авто зам тавьж, түүнийгээ улсад концессоор шилжүүлсэн. Харин “Скай Ресорт”-ын хувьд АСЕМ-ын зочдод зориулан тансаг хаусууд барьж, дараа нь тэднийг улс төр, бизнесийн хүрээний томчуудад зарсан байдаг.  

Барьсан зам нь асуудал дагуулж, хэвлэлээр удтал шалгагдсан компани бол УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын “Монроуд”. Тус компани Хөгжлийн банкнаас 45.5 тэрбумын зээл авчээ. Эдүгээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарын хамт Б.Гарамгайбаатарт АТГ-т шалгагдаж байна.

Мөн энэ жагсаалтад “Макс”-ын ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Арж капитал”-аас авсан 66.3 тэрбум, Хүүхдийн төлөө газрын дарга асан И.Нарантуяагийн гэгддэг “Хурдны зам” компанийн авсан 68.9 төгрөгийн зээлүүдийг нэрлэж болно.

Төслийн орлогоос эргэн төлөгдөх зээлүүдээс Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн авсан 154.7 тэрбум төгрөгийн зээл бий. Эднийх ТОСК-ийн захиалгаар бидний сайн мэдэх “Буян-Ухаа” хорооллыг барьсан. Засгийн газрын хүрээнд ТОСК нь өөрөө барилга барьж байдал ихээхэн шүүмжлэл дагуулж буй ч ипотекийн зээлийн асуудал өөрөө эмзэг тул шийдэлд хүрч чадахгүй байгаа гэх яриа буй. Энэ ярианы гол учиг нь Үндэсний бүтээн байгуулалтын корпораци юм.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг үйлдвэртэйгээ танилцуулсны дараа олгогдож байсан 109 тэрбум төгрөгийн зээл. МАК уг мөнгөөр цементийн үйлдвэр байгуулаад зогсохгүй “Чингис” бондын 330 сая гаруй ам.доллар зарцуулж, Говьсүмбэр аймгийн төвөөс 65 км-ын зайд дэд станц байгуулсан билээ. Ерөнхийдөө нүсэр том ажиллагаатай төслүүдийн ард бас чиг жишиг цементийн болоод дэд станц байгуулсныг дурдах хэрэгтэй.

Энд төгрөгийн зээл аваад, ханшийн зөрүүгээ улсын төсвөөр дамжуулан татвар төлөгчдөөс гаргуулдаг томчуудын хийсэн бүтээснийг харлуулах гэсэнгүй. Хамгийн чухал нь, ийм байдлаар зээл авах нөхцлийг өөрсдөдөө бүрдүүлэхээр улайрдаг, парламентад дөрвөн жил суух циклдээ хамаг хувийн өмчөө төрийн нөлөөгөөр өөд нь татдаг байдал газар авчээ гэдгийг тодотгууштай. Тэдний авсан зээлийн ханшийн зөрүүгээр улс хичнээн цэцэрлэг, сургууль барьж, нийгмийн үйлчилгээг сайжруулах боломжтой вэ. Бодоход ч үр харам сэтгэл төрөхүйц тоо хэмжээ гарахад л асуудал байгаа юм.

Ж.МЯДАГБАДАМ

эх сурвалж:medee.mn 

http://www.medee.mn/main.php?eid=100927