Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболд нь оффшор бүсэд бүртгэлтэй "Бату Майнинг Лимитед” компанид хөрөнгө оруулалт хийж байсан. Мөн татвар төлөхөөс зайлхийсэн гэх утгатай мэдээлэл хэд хэдэн хэвлэлийн хуудсанд гараад байгаа билээ. Мөн сэтгүүлч Мөнхбаясгалангийн хийдэг Цензургүй сурвалжлага нэвтрүүлгээр уг асуудлыг хөндөн тавьсан байдаг. Энэхүү нэвтрүүлэгт Сү.Батболд нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх таамаглалыг дэвшүүлсэн гэхэд болно. Мөн тус нэвтрүүлгийн бас нэг дугаарт Монгол улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяр нь 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа хөрөнгөө их хэмжээгээр нэмэгдүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх магадлалтай талаар ч дурдсан байдаг. Энэ бүх асуудлыг хууль хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл шалгахгүй байгаа талаар иргэд гомдлох болсон. Харин саяхан Нийслэлийн прокурорын газраас дээрх хоёр эрхэмд холбогдох асуудлыг шалгах шийдвэрт хүрсэн байна. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас дээрх эрхмүүдийн нэр холбогдсон хэргийг шалгах ажлыг эхлүүлэхээр болжээ. Ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа Сү.Батболд, С.Баяр нарын асуудал нв гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгуулахаар хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.
УИХ-ын гишүүн Сү.Батболдын хувьд гишүүний халдпашгүй дархан эрхээр хамгаалагдаж байгаа. Түүнийг Авлига авсан гэдгийг газар дээр нь л харж баривчлаагүй бол хэрэгт шалгах боломж тун хомс. Зөвхөн нэр төдий шалгаад өнгөрөх эрсдэлтэй.
Харин Ерөнхий сайд асан С.Баярын хувьд элчин сайдаар ажиллаж байна. Түүний хувьд элчин сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газарт өгсөн. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн, хүсэлтийг нь хүлээн авахаар болсон билээ. Ийм нөхцөлд С.Баярыг байцаах, шалгах боломж нээгдэж мэднэ.
Дашрамд сонирхуулахад С.Баяр, Сү.Батболд нар нь МАН дотор нэг фракцын төлөөлөл гэж явдаг. Ялангуяа энэ хоёр эрхэм бол фракцын хүрээнд маш нягт уялдаа холбоотой ажилладаг гэхэд болно. Учир нь С.Баяр 2007 онд МАН-ын дарга болсон. Үүний дараа 2009 онд биеийн байдал муудсан гэдэг шалтгаанаар ажлаа хийхээс татгалзаж, 2010 онд Сү.Батболд Ерөнхий сайд болж, мөн МАН-ын дарга болж байлаа. Нэг үгээр хэлбэл С.Баяр өөрийн бүх эрх мэдлээ Сү.Батболдод найр тавин шилжлүүлж байсан юм.