Б.Хурцын асуудлаар 8 иргэний гомдлыг судалж байна

Б.Хурцын асуудлаар 8 иргэний гомдлыг судалж байна

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг УИХ хэлэлцэж байгаа. Б.Хурцын асуудлаар томилгооны сонсгол явуулах саналыг Ж.Батзандан нарын нэр бүхий 20 гишүүн УИХ-ын  даргад өргөн барьсан. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос  уг асуудлаар хуралдсан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоод,  Тусгай хяналтын дэд хороо болон Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсэн билээ.  Харин өчигдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцтай холбоотой өргөдлийг хэлэлцэх байсан боловч хойшиллоо. Энэ Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгээс тодруулахад:

 - Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Б.Хурцтай холбоотой асуудлаар иргэдээс  ирүүлсэн өргөдлийг манай байнгын хороогоор шийдүүлэхээр шилжүүлсэн.  Бид иргэдийн өргөдлийг судалж байна. Өнөөдөр Өргөдлийн байнгын хорооны гишүүдтэйгээ энэ асуудлаар хуралдаж, байр суурийг нь сонсох байсан боловч ирц бүрдээгүй байна.

 -Б.Хурцтай холбоотой хэдэн гомдол байна вэ?

 -Найман иргэний гомдол байгаа.

 -Иргэд ямар асуудлаар гомдол гаргасан бол?

 -Үүнийг хэлэх боломжгүй. Хувь хүний нууцтай холбоотой.

 -Хэрвээ Б.Хурцтай холбоотой иргэдийн өргөдлийг хэлэлцүүлвэл нээлтэй явуулах уу?

 - Энэ асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах эсэхийг шийдээгүй байна. Учир нь өргөдөл шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал, зарим нь хувь хүний нууцтай холбоотой асуудал үүсч байна. Хэрвээ нээлттэй хэлэлцүүлэг явуулах бол 900 хүний гарын үсэг цугуулах ёстой гэсэн хуулийн заалт байгаа.

 -Хэд хоногийн хугацаанд хэлэлцэх хуулийн заалттай бол?

 -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос манай байнгын хороонд асуудлыг шилжүүлээд  долоо хонож байна. Хуулиараа 30 хоногийн дотор судлах хугацаатай. 

Н.Энх

эх сурвалж:shuud.mn