Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар БНСУ-д суух элчин сайдаар Б.Хурцыг томилох эсэхийг шийдэх гэнэ. Ийм шийдвэрийг УИХ-ын дарга М.Энхболд гаргажээ. Түүний хувьд Б:Хурцыг томилох эсэх асуудлыг шийдэх гэж сар гаруй боллоо. Өнөөдөр УИХ-ын эцэслэн шийдэх учраас 10:00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын хувьд нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд эхлүүллээ. Уг хэлэлцүүлгийн хүрээнд Б.Хурцын талаар УИХ-ын өргөдлийн байнгын хороонд гомдол ирүүлсэн 10 иргэний хүсэлтийг сонсч хэлэлцэж байгаа юм.
Б.Хурцын талаар гомдол гаргасан эрхмүүд дотор хэд хэдэн анхаарал татсан мэдээлэл байгаа талаар ярьж байна. Тухайлбал МАХН-ын дэд дарга С.Ганбаатарын гомдол. Түүний хувьд Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатарыг тагнаж, чагнасан хэмээн гомдол мэдүүлсэн бололтой. Төрийн ордонд болж байгаа Нээлттэй хэлэлцүүлэгт С.Ганбаатарын өмгөөлөгч оролцож байгаа юм. Уг асуудлаар оролцож байгаа гэсэн тайлбарыг хэвлэлийнхэнд өгөв. С.Ганбаатар нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ БНСУ-ын иргэнээс 50 сая вонн авсан гэх хэрэгт буруутгагдаж, шүүхээс уг мөнгийг хураан авч 1,5 сая төгрөгөөр торгох шийдвэрийг саяхан гаргасан билээ. Энэхүү үйл явц нь тагнуулын байгууллагатай холбоотой байсан гэж түүний хувьд үзсэн бололтой. Уг гомдол өргөдөл нь УИХ-ын өргөдлийн байнгын хороонд ирсэн 10 иргэний өргөдлийн нэг байсан байх нь.
Мөн Ж.Батзандан, Л.Болд нарын явуулж байгаа нээлттэй хэлэлцүүлгийн үед яригдаж байгаа нэг сэдэв нь Б.Хурц нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Херо студийн захирал Баатар нарын хооронд ярьсан утасны бичлэгийн хэрэг юм. Энэхүү бичлэгийг мөн л тухайн үеийн тагнуулын Ерөнхий газрын дарга байсан Б.Хурц олон нийтэд дэлгэсэн үү гэсэн асуулт төрийн ордонд шуугиж байна. Б.Хурцыг элчин болгох санал У.Хүрэлсүхээс гарсан. Гэтэл өөрийг нь элчин болгон дэвшүүлсэн эрхмийнхээ улыг шагайж яваагүй байх гэсэн яриа ч бас гарч байна.
Б.Хурцыг Ерөнхий сайд элчин болгох санал гаргаж, засгийн газрын хуралдаанаар дэмжсэн, харин Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг тэр дор нь дэмжиж явуулсан билээ. УИХ дээр хэлэлцэх гэтэл Ж.Батзандан нарын 21 гишүүн нээлттэй сонсгол явуулах санал гаргаж, уг асуудал түр хойшлоод байсан юм. Харин өнөөдөр УИХ-ын дарга ямар ч аргаар хамаагүй УИХ-ын чуулганаар Б.Хурцын асуудлыг шийднэ хэмээн муйхарлаж эхэлсэн байна. Б.Хурц гэдэг хүнийг элчин болгох дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нар шат шатандаа л хичээл зүтгэл гаргаж байна. Энэ гурван эрхэм түүнийг дэмжих, боломж олгох дээр санал нэгдэж байгаа нь хачирхалтай.
Харин_ Б.Хурц гэдэг хүнийг элчин болгохгүй гэдэг дээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж нарын 21 гишүүн эсэргүүцсэн хэвээрээ байгаа юм. Хэдийгээр нээлттэй сонсгол явуулах гэж зүтгэсэн ч тэр боломжийг нь УИХ-ын дарга М.Энхболд олгосонгүй. Арга ядсан гишүүд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Тэр хэлэлцүүлэгт Б.Хурц оролцоогүй.
Харин УИХ-ын нэгдсэн чуулганд Б.Хурц оролцож, элчин болох томилолтоо өвөртөлж чадлаа. Б.Хурцыг элчин сайдаар томилох эсэхийг шийдэх хурал хаалттай болж хуралд оролцсон гишүүдийн 90 орчим хувийн саналаар Б.Хурц нь БНСУ-д суух элчин сайдаар томилогдсон байна.