13 настай охины хэрэгт УИХ-ын гишүүн хошуу дүрсэн гэдэг нь үнэн үү?

13 настай охины хэрэгт УИХ-ын гишүүн хошуу дүрсэн гэдэг нь үнэн үү?

Хүчирхийллийн хэргийг монголчууд хүний амийг бүрэлгэсэнтэй адилтган жигшдэг. Ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэм даяараа жигшин зэвүүцдэг болсон.  Гэтэл сүүлийн үед хүчирхийллийн жигшүүрт хэрэг маш олноор дуулдаж, олон нийтийн мэдээллийн сүлжээ өргөжсөн болоод ч тэр үү байнга шахам баримт сэлттэйгээ нийгэмд цацагдах болов.

Энэ тутамд нийгэм даяар жигшүүр, үл ойлгогдох үзэн ядалтад автаж, басхүү тэдгээр хэргийг эргэн нэхэх болжээ. Харин эдгээр хэргийн шийдвэрлэх явц нэг л урагшгүй, ялангуяа томчууд, нөлөө бүхий эрхмүүд хутгалдахаар бүр таг, чиг болж, зарим тохиолдолд хохирогч буруутан болчих гээд ч  байх шиг.

Нэгэн жишээ дурдахад, өнгөрсөн аравдугаар сард “Очир төв” гэх зочид буудалд 13-хан настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Талийгаач охиныг гэмт этгээдүүд архиар шахаж согтоогоод, хүчирхийлж, үзэшгүй муухайгаар зэрэмдэглэж хөнөөсөн. Уг  хэрэг гарсан даруйдаа л олны сонорт хүрсэн. Үүнээс болж хүмүүс сайн дураараа жагсаж, нэгдэж, энэ хэргийн үнэн мөнийг яаралтай тогтоож, хэрэгтнүүдийг гэсгээхийг шаардсан юм.

Хамгийн гол нь, хэрэгтнүүд хүүхдээрээ шахам байсан нь олныг сэртхийлгэсэн. А, Ж гэгч тэдгээр хоёр хэрэгтэн 18-20 настай. Нэг нь бүр талийгаачийн төрсөн ах шиг байсан гэдгийг охины аав уйлан байж ярьсан гэхээр баргийн хүний ой тоонд буухгүй байх нь мэдээж.Хэн хүнд ойлгомжтой, гэрчлэх нотлох баримт хангалттай энэ хэрэг харамсалтай нь өнөөг хүртэл шийдэгдсэнгүй. Ар гэрийнхэн нь тун ч хачирхалтай байдлаар хүчин мөхөстөөд байгаа тухайгаа хуулийнханд хэвлэлээр дайх болсон.Өөрөөр хэлбэл, тус буудал нь үйлчлүүлэгчдийн бичиг баримтыг шалгаж,  хяналт тавилгүй ажилдаа хайнга хандсан,  насанд хүрээгүй хүүхдийг авч яваа талаар холбогдох газруудад мэдэгдээгүйгээс  онц ноцтой гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн, дараа нь уснаас хуурай гарах гэж талийгаач охины талаар  ташаа мэдээлэл цацсан ч тус  буудлынхан  өнөөг  хүртэл үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа нь хачирхалтай.

Одоогоос бараг нэг сарын өмнө талийгаачийн аав “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо хууль, хяналтын байгууллага энэ хэрэгт хэрхэн хандаж байгааг илэн далангүй ярьж, иргэн хүнийхээ зүгээс хардаж буй шалтгаануудаа дурдсан. Хамгийн анх л энэ хэргийн тухайд ар гэрт нь бодитоор мэдээлээгүй, охиных нь цогцсыг ч харуулаагүй, тэр ч бүү хэл шүүхийн шинжилгээний анхан шатны дүгнэлтийг танилцуулаагүй гэдэг. Тэгсэн хэрнээ мөнөөх шүүхийн шинжилгээний дүгнэлтээс тэс өөр мэдээллийг олон нийт хийгээд хохирогч талынханд өгсөөр байжээ. Бүр аав нь хүртэл танихааргүй болтол зэрэмдэглүүлсэн охиныг ямар ч гадны нөлөөгүй, ил шарх сорвигүй байдлаар амиа алдсан гэх мэдээллийг албаныхан  өгч байсан тухайг охины аав нулимс дуслуулан ярьж байсан юм.

Харин үүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэг явдал юу болж байгааг олон нийт тэгтэл дуулиан болгохгүй ч битүүхэн тандаж байгаа.

Талийгаач охины ар гэрийнхэн дахин хэвлэлд ханджээ

Тэгвэл хохирогчийн ар гэрийнхэн дахин хэвлэл мэдээлэлд хандаж, бодит байдлыг олонд дуулгахыг хүсчээ.

Энэ үеэр тэд нэгэн хачирхалтай зүйл мэдээлсэн нь, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой холбоотой. Тодруулбал, уг хэргийн материалыг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хяналтын прокуророос нь нэхсэн байх юм. Чухам ямар шалтгаанаар энэ хүн хавтаст хэргийг нь нэхсэн нь тодорхойгүй ч “Би хавтаст хэрэгтэй танилцмаар байна. Хэргээ нааш нь явуул” гэжээ.Энэ талаар талийгаач охины аав Т.Лхагвасүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийн дурджээ. Тэрбээр “Энэ хэрэгт албаны болоод, албаны бус санаа тавигч нар их олон байна. Мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хэргийг хянаж буй прокурор луу утасдаж “Хавтаст хэрэгтэй танилцмаар байна. Хэргээ нааш нь явуул” гэсэн байгаа юм. Хаа хамаагүй хөндлөнгийн хүний хэрэгтэй ямар учраас танилцах гээд байна вэ. Энэ их сонин байгаа.Хэргийг шалгах процесс үргэлжлээд гурван сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд цагдаа, прокурорын байгууллагууд ажилдаа хойрго хандаж байна. Хуулийн байгууллага бидний хүссэнчлэн хэргийг зүйчилж өгөөгүй. Гэсэн ч бид эцсийг нь заавал үзнэ. Хэрэв бидний хүссэнээр зүйлчлэхгүй юм бол олон улсын байгууллагад хандана” гэсэн байв.

Тэгвэл  УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир яг ямар шалтгаанаар энэ хэргийг сонирхов. Уг нь эл хэрэг гарах үед тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийж байв. Тэрбээр “13 настай охины амиа алдсан “Очир төв” нэртэй буудал манай компанид ямар ч хамаагүй. Гарсан хэргийг надтай холбон бичиж байгаа хувь хүн, вэб сайтуудад мэдээллээ нягтлан оруулж байхыг хүсье. Сүүлийн үед нийгмийг цочроож байгаа хүчингийн хэргүүд хэрээс хэтэрлээ. Хуулиа чангатгаж бяцхан үрсээ хамгаалах нь гишүүд бидний үүрэг” хэмээн байр сууриа илэрхийлж  байсан юм.Тэрбээр ингэж мэдэгдэл хийж байсан хэрнээ яагаад хавтаст хэрэгтэй танилцах тухай ярьсан нь анхаарал татна.

Хамгийн гол нь, талийгаачийн ар гэрийнхэн дахин шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргасан ч үүнийг нь хүлээж аваагүй гэнэ. Энэ талаар өмгөөлөгч Р.Булгамаа “Өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагад мөрдөн байцаах үйл ажиллагаа явагдан хэрэг албан ёсоор Баянзүрх дүүргийн шүүхэд шилжлээ. Бид цогцост дахин шинжилгээ шинээр хийлгэх хүсэлт тавьсан юм. Гэвч прокурорын зүгээс бидний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Хохирогчийн гэр бүлийнхний зүгээс анхны шинжээчдийг АТГ-т шалгуулья гэсэн хүсэлт тавьсан. Шүүх хэргийн материалуудтай танилцаж, асуудалд бодитой хандана гэж итгэж байна. Хэргийн мөрдөн байцаах явцад дөрвөн мөрдөгч солигдсон. Цагдаагийн ерөнхий газраас энэ хэрэгтэй холбогдуулан хоёр хурал хийсэн. Нэгдүгээрт, гурван этгээдийг мөрдөн шалгаж байна гэж мэдээлсэн. Хоёрдугаарт “Очир төв” буудлын эзэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж мэдэгдсэн. Гэтэл энэ хэрэг юу болсныг олон нийтэд мэдээлэхгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр 5.7 хувийн промилл спирт гарсан байгаа нь сэжигтнүүд охинд маш их хэмжээний архи өгсөн гэдгийг нотолж байгаа. Гэтэл хоёр сэжигтэн этгээдийг цагдаагийн байгууллага драйвер үлээлгэж согтолтын зэргийг тогтоогоогүй байгаа юм. Нэг этгээд хэргийн газраас оргон зугтаасан. Хэргийг мөрдөн шалгаж, хяналт тавьсан прокурорт ямарч хариуцлага тооцсонгүй. Өнөөдөр согтолтын зэргийг шалгаагүйн улмаас хоёр сэжигтэн этгээд өөрсдөө эв эрүүл болж, харин охин ганцаараа хоёр шил архи уусан болж таарч байна. 13 настай охин ганцаараа нэг дор хоёр шил архи уух уу” гэж ярьжээ.

Эндээс Монголын шүүх, прокурор, цагдаагийн байгууллага асуудалд хэт шударга бус хандаж байна уу гэх бодол төрөх аж.Хэрвээ тийм биш бол яагаад дахин шинжилгээ хийхийг эсэргүүцэж, няцаав. Зөвшөөрөл өгөөгүй шалтгаан нь ч тодорхой биш гэдгийг ямар ч хүн ойлгохоор.Үнэхээр л олны сэрдээд байгаа шиг энэ хэрэгт мөнгөний сонирхол, эрх мэдэлтний нөлөө тусчихав уу. Хэрвээ үгүй бол энэ хэргийг нууцлаад байх учир байхгүй. Хэрэг мөрдөлтийн шатанд зарим асуудлыг олон нийтээс нууцлах нь зүйн хэрэг ч бусад талаар далдалж, хаацайлах ч ёсгүй баймаар. Хэрэг хэзээ ч хуучрахгүй.

эх сурвалж: erennews.mn