УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчирхийллийн хэрэгт нэр холбогдоод багагүй хугацаа өнгөрч байна. Тухайлбал энэ оны 6 сарын эхээр Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт нэр холбогдсон. Уг хэргийн талаар хохирогч гэх эмэгтэйн ар гэрийнхэн хууль, хяналтын байгууллагад гомдол гаргасан билээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Батбаяр тухайн үед шалгалт явуулсан байдаг. Тэрээр “Хүчирхийлсэн нь тогтоогдохгүй байна” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэг мэдээлэл гарч байлаа.
Энэ оны наймдугаар сарын 25-нд УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийн материалыг Улсын ерөнхий прокурорын газар хянаж үзэхээр болсон байдаг. Хохирогчийн ар гэр, өмгөөлөгчийн хүсэлтээр уг хэргийг хянан үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, дахин сэргээн шалгах нь зүйтэй гэж үзсэн байдаг юм. Дахин шалгаж үзсэн уг хэргийн мөрдөн байцаалт дуусах талдаа оржээ. Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татах саналаа энэ долоо хоногт УИХ-д хүргүүлэхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл дуулдаж байна.
Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дээд суудлын хуралдаан болно. Уг хуралдаанаар хэлэлцэх асуудал нь УИХ-ын гишүүний бүрэн эрх, түүнд хамаарах халдашгүй эрхийн талаарх зохицуулалт юм. УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ л баригдаагүй бол гэмт хэрэгт шалгагдахгүй гэх утга бүхий заалтыг үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх юм. Хэрэв хэлэлцээд энэ хууль үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн байна гэх юм бол УИХ-ын гишүүн Д.Гантулгыг шалгах боломж хуулийнханд бүрэлдэнэ гэсэн тайлбар явж байна.
Цэц УИХ-ын гишүүн гэмт хэрэгт нэр холбогдсон бол ёс зүйн бүрэн эрхээсээ түдгэлзэх ёстой. Мөн хариуцлагаа ухамсарлаж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зөв гэсэн нөхцөлд Д.Гантулга гэдэг гишүүнд халтай юм.
Ийм нөхцөлд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг шалгах боломж хууль хяналтын байгууллагад оногдоно гэсэн таамгийг улс төрийн хүрээнийхэн гаргаад байна. Нөгөө талдаа УИХ-ын гишүүн Д.Гантулга ч үнэхээр буруугүй бол уг асуудлыг шалгуулж, нэг мөр нэрээ цэвэрлэж авах боломж ч бүрдэх ёстой юм.
Нэг нь шалгуулахгүй, нөгөө нь шалгасан нэр зүүж өдөр хоног өнгөрөх нь эргээд нийгэмд талцал, таамаг дэвшүүлсэн худал мэдээлэл түгэх үндэслэл болж байна.