УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцын талаар хийсэн Нээлттэй сонсголоос гаргасан санал, дүгнэлтийг Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад хүргүүлж буй талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ:
-2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өмнөд Солонгост элчин сайдаар суухаар нэр нь дэвшээд буй Б.Хурцтай холбогдох өргөдөл, гомдлууд дээр тулгуурласан Нээлттэй сонсголыг УИХ-ын нэр бүхий гишүүд зохион байгулсан. МАН-аас Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, А.Сүхбат, М.Оюунчимэг нарын гишүүд, АН-аас Л.Болд, Ж.Батандан нарын гишүүд оролцсон энэ сонсголоор Б.Хурцын хууль бус үйл ажиллагаанаас болж хэлмэгдсэн 10 гаруй иргэний өргөдөл, гомдлыг сонсож хэлэлцсэн. Сонсголоос гаргасан санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халмтаагийн Баттулгад өнөөдөр албан ёсоор өргөн барьж байна.
Санал, дүгнэлтэд нэгдүгээрт, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлыг тусгасан байгаа. Б.Хурц нь олон улсын хэм хэмжээ, Европын холбооны хууль, дүрмийг зөрчин, Франц, Бельги, Герман улсын хилийг дамнуулан хүн хулгайлах ажиллагаанд оролцсон байна. Энэ асуудлыг Европын холбооны хууль хяналтын байгуулагууд шалгаж байгаа, хаагдаагүй. Д.Энхбат агсны гэр бүлийнхэн хууль зөрчин байж түүний амь насанд хүрсэн ТЕГ болон Б.Хурцад төр хариуцлага тооцож, гэр бүлийнхнээс нь албан ёсоор уучлал хүсэхийг шаардаж байгаа. Монгол Улсын төр энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой. Франц, Бельги, Герман улсуудтай албан ёсоор холбогдож, энэ хэргийн явцыг судлан УИХ-д танилцуулах шаардлагатай байна.
Түүнчлэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 20 жил хоригдох ял аваад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэр бүлийнхэн нээлттэй сонсголд ирж, тайлбар өгсөн. Ц.Амгаланбаатар гэдэг хүн тагнуулынхны өгсөн чиглэлийн дагуу бусдыг хилсээр гүтгэсэн гэж үзэж байгаа нь үндэслэлтэй байгаа юм. Иймд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шинэ нөхцөл байдал илэрсэнтэй холбогдуулан шалгаж дуусах хүртэл Б.Хурцыг БНСУ дах элчингээр томилох нь зохисгүй гэж үзэж байна.
Хоёрдугаарт, төрийн албаны эрх мэдлээ хувийн зорилгоор урвуулан ашигласан асуудал байгаа юм. Тухайлбал, “Зэлэм” компанийн гүйцэтгэх захирал Ш.Бат-Ирээдүйг хэлмэгдүүлэн шүүхээр ял өгсөн байна. “Саусгоби сэндс” компанийн тусгай зөвшөөрлүүдийг булааж авахын тулд тухайн үеийн тагнуулын байгууллага болон Ерөнхийлөгч зохиомол хэрэг үүсгэсэн байх магадлалтай байна. Иймд энэ хэргийг шалгах шаардлагатай гэдгийг дүгнэлтдээ тусгалаа. Мөн “Ханбогд кашмер” компанийн захирал Ч.Ганцэцэг болон түүний ах, дүү 13 хүнийг хоёр жилийн турш дарамтлах ажлыг Б.Хурц зохион байгуулсан байгаа юм. Түүнчлэн ТЕГ-ын Сөрөх тагнуулын хэлтсийн дарга асан Д.Цогтбаатар болон түүний өмгөөлөгч Баянбилэг нар Дээд шүүхэд өргөдөл гаргасан байгаа. Энэ асуудал нэг мөр шийдэгдтэл хүлээх ёстой.
Б.Хурц нь Унгар дахь Монголын элчин сайдын яаманд тусгай томилолтоор ажиллаж байхдаа байхдаа гэр бүлээрээ тамхины наймаа эрхэлдэг байсан талаар тус улсад элчин сайдаар сууж байсан Т.Султаны албан тоот тухайн үед ирж байсан. Дипломат паспорт, дипломат машин ашиглаж тамхины наймаа хийж байсан этгээдийг элчингээр томилох нь зохисгүй гэдгийг дүгнэлтдээ тусгасан. Энэ хэргийн талаар тодруулахаар Польш, Унгар, Европын холбоо руу бичиг явуулсан байгаа.
Гуравдугаарт, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдсан асуудлыг дүгнэлтэд тусгалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын гэрт түүний таньдаг монгол иргэний хамт ТЕГ-ын тусгай албаны ажилтан болон гадаадын иргэнийг оруулж, зохион байгуулалттайгаар хандивын яриа өрнүүлэн нууц бичлэг хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр цацсан. Энэ нь нэг талаар авлигатай холбоотой асуудал боловч нөгөөтэйгүүр төрийн хамгаалалтад байгаа хүнд прокурорын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль бус, үүнийг тагнуулынхан зохион байгуулсан байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь төрийн хамгаалалтад ордог. Энэ асуудлыг С.Ганбаатар цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. С.Ганбаатарын бичлэгийг гаргаж тавьснаар түүнд итгэж байсан мянга мянган сонгогчид С.Ганбаатарт саналаа өгөхөө больсон. Сонгуулийг будлиантуулах замаар төрийн эрх мэдлийг авахаар завдсан.
Ийнхүү хүний эрх зөрчсөн, төрийн тусгай албаны эрх мэдлийг урвуулан буюу хэтрүүлэн ашигласан, хувийн эрх ашгийн төлөө төрийн албан хаагч, иргэдийг зохиомол хилс хэргээр хэлмэгдүүлэн хохироосон, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан, хувийн зорилгодоо улсын нууцыг ашигласан нь тогтоогдсон зэрэг олон ноцтой асуудал дагуулж буй Б.Хурцыг Монгол Улсыг төлөөлөн гадаад улсад элчин сайдаар томилж огт болохгүй гэж үзэж, УИХ-ын нэр бүхий зургаан гишүүний гарын үсэгтэй албан бичгийг монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад хүргүүлж байна.
Х.Баттулга ерөнхийлөгч “Монгол ялна” гэсэн уриатайгаар сонгуульд оролцсон. Монгол ялна гэдэг бол шударга ёс, үнэн ялна гэсэн үг. Монгол ялна гэдэг бол бүлэглэлтэй, гэмт хэрэгтнүүдтэй тэмцэнэ гэсэн үг. Ц.Элбэгдорж, М.Энхболд, Б.Хурцыг тойрсон мафийн бүлэглэлийн гарт сүүлийн арван жилийн дотор олон хүн хэлмэгдсэн байна. Монгол Улсын томоохон баялаг ордуудыг энэ бүлэглэл булааж авсан. Үүнийг илчилснийхээ төлөө УИХ-ын гишүүд заналхийлэлд өртөж байгаа. Гэхдээ бидний тэмцлийг энэ бүлэглэлийнхэн зогсоож чадахгүй. Одоо бид ерөнхийлөгчийн шийдвэрийг хүлээж байна. Ерөнхийлөгч Б.Хурцын томилгоог зогсоож, мафийн бүлэглэлийг монголын төрөөс зайлуулна гэдэгт итгэж байна гэлээ.