Ц.Гарамжав: Хүний нэр төрд халдах хуультай байдаг шүү

Ц.Гарамжав: Хүний нэр төрд халдах хуультай байдаг шүү

УИХ-ын чуулганаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Л.Элдэв-Очирыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, батлав. Хуралдааны үеэр  гишүүд асуулт асууж, хариулт авав. Гэхдээ Байнгын хорооны даргын томилгоо хэлэлцсэн энэ хуралд Л.Элдэв-Очир гишүүн өөрөө  ирсэнгүй. Үүнийг хүндэтгэх шалтгаантай хэмээн тайлбарласан бөгөөд түүний оронд холбогдох асуултуудад Ц.Гарамжав гишүүн мэдээлэл өгч, асуултад хариулсан юм.


УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:

-Шүүмжлэлтэй хандах зүйлс олон байсан шүү. Аймгийн ИТХ нөхөн сэргээлт нэрээр газар өгч байгаа. Гэтэл нөхөн сэргээлт нэрээр газар ухаад байна. Шинэ байнгын хорооны дарга нөхөн сэргээх нэрээр аймаг, орон нутгийн удирдлагуудын ард байдаг асуудлыг нэг талд гаргахгүй бол болохгүй байна. Үүн дээр анхаарч ажиллахыг хүсье.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАРАМЖАВ:

-Б.Пүрэвдорж гишүүн үг хэлэх тоолондоо хүн гутаан доромжилж, ёс зүйгүй үг хэлдэг. Миний мэргэжил уул уурхайн инженер мөнөөс мөн. Та миний өмнө нь ажиллаж байсан компанийн хүмүүсийг гутаан доромжлох эрхгүй. Нөхөн сэргээлтийн лиценз олгохдоо эдийн засгийн чадавхгүй, мэргэжлийн бус хүмүүстэй компанийг оруулж ирж байна. Мэргэжлийн хяналт энэ талаар яагаад шалгалт хийхгүй байна вэ. Нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийдэг компаниуд орж, ажиллах нь буруу. Нөхөн сэргээлт нэрээр олборлох үйл ажиллагаа явуулж байгаа нь ч буруу. Дээр нь хүний нэр төрд халдах хуультай байдаг шүү гэдгийг анхааруулъя.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:

-Ашиг сонихрлын зөрчилтэй хүн байнгын хорооны даргаар томилогдсоныг шүүмжилсэн юм. Заамарыг завааруулсан хүн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар томилогдсоныг би буруутгасан юм. Түүнээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар томилогдсон бол хоёр гараа өргөөд дэмжинэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАРАМЖАВ:

-Заамарт олон компани үйл ажиллагаа явуулж байгаа. Үнэн зөвийг нь олж хэлээрэй.


Ийнхүү гишүүдийн дунд асуулт, хариулт үргэлжилсний дараа Л.Элдэв-Очирыг тус байнгын хорооны даргаар томилохыг олонхийн саналаар батлав.

Үүний дараа УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хүсэлтийг авч хэлэлцлээ. Тэрбээр өөрийг нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг гаргасан байна. Энэ асуудлыг чуулганд оролцож буй гишүүдийн 70 хувь нь дэмжиж, С.Жавхланг тус байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөллөө.  

Ингээд УИХ хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэ үеэр тохирлын үнэлгээ гэдэг нэршлийг хуульд оруулахын тулд 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгааг гишүүд шүүмжилсэн юм. 

УИХ-ын чуулган үргэлжилж байна. 

эх сурвалж: news.mn