Ерөнхийлөгч Х.Баттулга Ё.Отгонбаярын элчин сайд болгохгүй 7 сар луу унжсан шигээ Б.Хурцын хөлийг тушиж чадах уу?
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад байх нэг том эрх мэдэл бол Монгол Улсыг төлөөлөн гадаадад суух элчин сайдын итгэмжлэх жуух бичигт гарын үсэг зурж баталгаажуулдаг явдал.
Элчин сайдаар томилох эсэхийг Улсын Их Хурал баталдаг. Улсын Их хурлын хувьд Ерөнхийлөгч болон Засгийн газрын санал болгосон нэрсийг хэлэлцэн шийддэг билээ. Харин Улсын Их Хурлын шийдсэн нэрийг баталгаажуулж, элчин сайдаар томилох эсэхийг эцэслэх үүрэгтэй хүн нь Ерөнхийлөгч.
Яг одоогийн байдлаар 7 сарын өмнө Улсын Их Хурлаас элчин сайдаар томилох эсэхийг шийдүүлж, зөвшөөрөл авсан 3 эрхэм Ерөнхийлөгчийг царайчлан, жуух бичгээ авах гэж хүлээж сууна. Уг нь тэдэнтэй хамт Улсын Их Хурлаас зөвшөөрөл авсан 2 эрхэм нь элчин сайдаар томилогдоод явчихсан. Тухайн хоёр эрхэм нь Ардчилсан намын угшилтай, өмнөх Ерөнхийлөгчийн зөвлөх болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан нар юм. Тэднийг элчин суух зөвшөөрлийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга өгч, Л.Пүрэвсүрэн, Батхуяг нар Монгол Улсаа төлөөлөн тухайн улсад элчин сайдаар сууж байна. Харин хамт Улсын Их хурлын босго давсан Ё.Отгонбаяр, Г.Тэнгэр, Н.Чингүүндарь нар өнөөдөр ч Ерөнхийлөгч өөрсдийг нь баталгаажуулж, жуух бичигт нь гарын үсэг зурна гэсэн хүлээлттэй л явна.
Монгол Улсаас Япон улсад суугаа элчин сайдыг 7 сарын өмнө эргүүлэн татах шийдвэр гарсан. Үүний дараа уг элчин сайдын ажлыг зөвлөх нь гүйцэтгэж байна. Дипломат ёсоор бол 2 сараас илүү хугацаанд элчин сайдыг орлуулж болдоггүй. Гэтэл өнөөдөр Япон, Канад, АНУ-д суух элчин сайдын орлогч нар л хариуцан ажиллаж байна. Харин элчин сайдаар суух ёстой эрхмүүд нь Улаанбаатарт Ерөнхийлөгч Х.Баттулгын шийдвэрийг царайчлан, хааяа нэг Засгийн газарт гомдол мэдүүлчхээд сууж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвшөөрлийг авахын тулд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэд хэдэн удаа уулзсан байна. Уулзалтаар ярилцсан хэд хэдэн улс төрийн зөвшилцөл байгаа тухай эх сурвалж дурдаж байна. Тухайлбал Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Ё.Отгонбаяр, Г.Тэнгэр, Н.Чингүүндарь нарыг элчин сайдаар томилох шийдвэр гаргахын тулд эхлээд С.Баяр. М.Энхсайхан нарыг эргүүлэн татахыг Засгийн газар зөвшөөрөх ёстой. Үүний дараа ярилцаж болох тухай хэлсэн гэнэ. Энэ дагуу эхний ээлжинд С.Баярыг өөрийнх нь хүсэлтээр элчин сайдаар эргүүлэн татахыг Засгийн газраас зөвшөөрөөд байгаа билээ. Харин М.Энхсайханы хувьд элчин сайдаасаа эргэж ирэх тухай ам нээгээгүй байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга бол одоо Ардчилсан намын Ерөнхийлөгч биш. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч. Энэ утгаар нь авч үзэх юм бол түүний баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа шийдвэр бүхэн нь Монгол Улсын эрх ашигт нийцэх учиртай юм. Ё.Отгонбаяр, Г.Тэнгэр, Н.Чингүүндарь нарыг суух улсынх нь зөвшөөрсөн албан бичгийг гадаад харилцааны яаманд 3-4 сарын өмнө ирүүлчихсэн. Нэг үгээр хэлбэл АНУ-ын хувьд Ё.Отгонбаярыг элчин сайдаар очиход нь хүлээн авах болно гэдгээ албан шугамаар илэрхийлжээ. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч нь энэ бодлогыг зөвшөөрдөггүй.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд үнэхээр л бурууд хатуу, зөвд зөөлөн зан гаргаж ийм гацаа үүсгэсэн үү? Эсвэл энэ АН-ын хүн явуулчихъя, харин энэ МАН-ын хүн явуулахгүй байж байя гэсэн байдлаар хандсан уу гэдэг учир битүүлэг байна. Хэрэв тийм биш бол түмэн олны эсэргүүцэж, төрийн түшээд дургүйцэж байгаа Б.Хурц гэдэг хүнийг элчин сайдаар томилсон УИХ-ын шийдвэрийг баталгаажуулахгүй луу унжиж чадах уу?
Засгийн газраас Б.Хурцыг элчин сайдаар томилох эсэхийг зөвшилцөхөөр Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлэхэд тэр дор нь зөвшөөрсөн бичиг илгээж байв. Тэгэхээр Б.Хурц гэдэг хүнийг олон нийт эсэргүүцэж, УИХ-ын гишүүдийн 20 орчим нь зөвшөөрөхгүй байхад Ерөнхийлөгч Х.Баттулга баталгаажуулах юм бол Улс орны эрх ашигт нийцсэн бодлогоор Ё.Отгонбаяр нарыг эсэргүүцээгүй, харин амин хувийн эрх ашгийн төлөө намжирхсан байдлаар ханджээ гэж хардаж болох уу Ерөнхийлөгч өө?