Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Номуундарь нүүр хуудсаараа дамжуулан, хүчирхийлэлд өртсөн талаараа мэдээлсэн нь олны анхаарлыг татаад буй. Уг асуудал олон нийтэд ил болсны дараа Д.Ганхуяг асуудалд нухацтай хандах болно гэдгээ мэдэгдэж байв. Тэрээр уг асуудлаар ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хандан гомдол гаргасан байна.
Гомдолдоо “Миний төрсөн охин Ганхуяг овогтой Номуундарь нь гэмт хэргийн хохирогч болж, эрүүл мэнд, бие эрхтэн, сэтгэл санаагаараа хохирсон явдлыг шалгуулж, үнэн мөнийг тогтоолгож, холбогдох гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар танд хандан гомдол гаргаж байна.
2015 оны зургадугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг, Богд Жавзандамбын гудамж, 61-5 дугаар байрны 1 тоот гэх газарт ...... овогтой ....., ....овогтой .... гэх этгээдүүд миний охинд хүч хэрэглэн, бэлгийн харьцаанд орж, хүчиндэж, бие эрхтэн, сэтгэл санаа, охины минь ирээдүйд нь маш ноцтой хохирол учруулсан жигшүүрт хэрэг үйлдсэн байна. Болсон үйл явдлыг охиноосоо асууж тодруулсны дагуу шалгуулахаар ийнхүү гомдол гаргаж байна. Уг үйл явдал нь миний охины эрүүл мэнд, сэтгэл санаа, ирээдүйд болоод манай гэр бүлийн гишүүд, ах дүү, төрөл төрөгсөд, элэг нэгтэй, охин үртэй монгол хүн бүрийн сэтгэлд сэв суулгасан жигшүүрт зүйл юм.
Аав хүний хувьд охины минь эрх эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэсэн этгээдүүдэд шударга мөрдөн байцаагч, прокурор, шүүхээр шалгагдан хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Улсын ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан та уг асуудалд анхаарлаа хандуулж, хэргийг шударгаар шалгаж чадах мөрдөн байцаагч томилон, уг хэргийг шалгуулж, дээрх этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсч энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.
эх сурвалж: medee.mn