Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, “Хан-Уул Хөгжил” сангийн Тэргүүн Пүрэвийн БАТЧИМЭГ Монгол Улсын Их сургууль байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Ардчиллын танхим”-ыг шинээр байгууллаа. Төлөөлөгч П.Батчимэг боловсролын байгууллагад 15 жил ажилласан бөгөөд салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж,“Хан-Уул Хөгжил сан”-гаараа дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн материаллаг баазыг сайжруулах, сурагч, оюутнуудад дэмжлэг үзүүлэх, сургалт, лекц, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж ирсэн.
НИТХ-д Ардчилсан намаасаа гурван ч удаа сонгогдсон төлөөлөгч тэрбээр энэ удаа МУИС-ын удирдлагуудтай хамтран ажиллаж, санхүүжилтийг шийдвэрлэж, Ардчиллын танхим нээжээ.
Төлөөлөгч П.Батчимэг энэ талаар “Ардчиллыг ард түмний засаглал, төрийн хэлбэр, улс төрийн тогтолцоо төдийхнөөр ойлгохоос илүүтэй байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж хөгждөг, ард түмний үнэт зүйл юм гэж үзэх хандлага давамгайлах болжээ. Ардчиллын өсөлтийн үе, өрнөлийн үе дуусч, Ардчиллын шинэ үе ирж байна хэмээн дийлэнх судлаачид үзэж байна. Иймд энэхүү танхимд олон эрдэмтэд, судлаачид, оюутан залуус ардчиллын үндсэн шинж, үндсэн зарчмын тухай нээлттэй эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг, уулзалт, сургалт зохион байгуулж ардчиллын шинэ үеийн хөгжилд шинжлэх ухаанч хувь нэмэр оруулна гэдэг итгэлтэй байна” гэлээ.
МУИС-ийн дэргэдэх “Ардчиллын танхим”-ыг байгуулахад 20 сая төгрөгийн санхүүжилтээр босгосон байна.