Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн 7 хоногт зарим улсад суух элчин сайдын нэрсийг зарлиг гарган баталгаажуулах боломжгүй гэж үзсэн билээ. 2017 оны 05 сарын 25 өдрийн УИХ-ын хуралдаанаар дэмжигдэж, элчин сайдаар томилуулах шийдвэрийг их хурлаас гаргуулсан 3 эрхмийн нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга буцаасан юм.
Тухайлбал АНУ-д суух элчин сайдаар Ё.Отгонбаяр. Түүний хувьд БСШУС-ын дэд сайдаар ажиллаж байна. Мөн Япон улсад суух элчин сайдаар Г.Тэнгэр. Гадаад харилцааны дэд сайд асан эрхэм. Мөн Канад улсад суух элчин сайдаар Н.Чингүүндарь. Гадаад харилцааны яаманд анхан болон дунд шатанд ажиллаж байсан эрхэм. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн төрсөн дүү. Мэдлэг чадвартай залуу боловсон хүчин хэмээн МАН-ынхан үнэлсэн байдаг. Энэ 3 эрхмийн нэрийг өмнөх засгийн газар буюу Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд санал болгож, УИХ-д өргөн барьж байв. УИХ-аас элчин сайдаар томилох боломжтой хэмээн үзэж шийдвэр гаргасан байдаг.
Харин Ерөнхийлөгч энэ 3 эрхмийг 7 сар хүлээлгэж, луу унжсаны эцэст элчин сайдаар томилон явуулах зарлиг гаргах боломжгүй. Жуух бичигт нэрийг нь сийлэх арга алга хэмээн Засгийн газарт буцаагаад байна.
Зарим улс төрийн хүрээний яриагаар бол дээрх 3 эрхмийг буцаасан хамгийн том шалтгаан нь Япон улсад суух элчин сайд гэнэ. Засгийн газраас санал болгосон Г.Тэнгэрийн оронд Ерөнхийлөгчийн хувьд өөрийнх нь сонгуульд хүчтэй дэм болсон АСА явуулын станц буюу Мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадоржийг элчин сайд болгох их том сонирхол байгаа гэнэ. Ийм тохиролцоог одоогийн Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхтэй хийхийн тулд МАН-ын төлөөлөл болсон 3 хүний нэрийг буцаасан гэх мэдээлэл дуулдаж байна.
Д.Дагвадоржийн хувьд Ерөнхийлөгчөөс шууд дэмжлэг авч байгаа. Харин эрх баригч МАН-аас ахаараа дамжуулан дэмжлэг авна гэсэн тооцоог хийж яваа гэнэ. Түүний ах Д.Сумьяабазар нь УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байгаа билээ. Мөн Д.Сумьяабазар нь Нийслэлийн МАН-д томоохон хөлтэй. Мөн Засгийн газарт багтсан. Нөгөө талдаа МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн итгэл нэгэн гэнэ. Энэ утгаараа тохиролцоо хийгдэж, Д.Дагвадорж Монгол Улсыг төлөөлөн Япон улсад суух элчин сайд болно гэдгийг эх сурвалж өгүүлж байна.
Ерөнхийлөгчийн татгалзсан 3 хүний нэрээс ямартай ч ийнхүү Г.Тэнгэр гэдэг залуугийн нэр хасагдах нь бараг тодорхой. Мөн Канад улсад суух элчин сайдад нэр дэвшсэн Н.Чингүүндарийн нэрийг ч хасах бололтой. Түүний оронд У.Хүрэлсүх өөрийн хүнийг оруулна. Харин Ё.Отгонбаярыг дахин оруулж ирэх магадлалтай гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа юм.