О.Баасанхүүг ордонд хурал хийсэн, Б.Наранхүүг ажил тасалсан гэж гишүүнээс нь түдгэлзүүлэх үү?
Үндсэн хуулийн цэц өнгөрсөн 7 хоногт УИХ-ын гишүүнийг хамгаалсан хуулийн нэгэн заалтыг хүчингүй болгосон билээ. Уг хуулийн заалт нь УИХ-ын гишүү гэмт хэрэг үйлдэж байхдаа нотлох баримттайгаа баригдсан нөхцөлд бүрэн эрхээс нь татгалзуулан шалгах эрхтэй гэсэн заалт юм. Энэхүү заалт нь үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц дүгнэж, хүчингүй болгосон байдаг.
Уг заалт хүчингүй болсноор УИХ-ын гишүүнийг ямар нэгэн гэмт хэрэгт шалгасан нөхцөлд хууль хяналтын байгууллага УИХ-д хандаж, бүрэн эрхээс нь татгалзуулан шалгах боломжтой юм. Гэхдээ энэхүү үйл явц нь өрнөж, хэрэгжихэд хүндрэлтэй. Хууль хяналтын байгууллага гишүүнийг бүрэн эрхээс нь татгалзуулан шалгах хүсэлтийг УИХ-н тамгын газар болон, УИХ-ын дэд хороонд хандана. Үүнийг нь авч хэлэлцээд шаардлагатай бол нэгдсэн чуулганаар ярьж, түдгэлзүүлэх эсэхийг нууц санал хураалтаар шийддэг юм. Нууц санал хураалтаар гишүүний эрхийг түдгэлзүүлэхгүй гэж шийдэх магадлал маш өндөр.
Гэтэл зарим залуу хуульчид 2 ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргахаар ажиллаж эхэлсэн байна. Тодруулах бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Түүний хувьд саяхан МАХН-ын 3-р их хурал гэгчийг Төрийн ордонд зохион байгуулсан. Энэхүү их хурал нь МАХН-ын гишүүд оролцсон оролцоогүй гэдэг маргаантай. Үүн дээр нэмээд уг хурлыг зохион байгуулсан, мөн гаргасан шийдвэр дээр нь МАХН-ын тамга байхгүй. Энэ утгаараа УИХ-ын гишүүн нь өөрийн нэр хүндийг ашиглан, хувийн эрх ашигт нийцүүлсэн ажил зохион байгуулсан гэж залуу хуульчид үзсэн байна. УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүний нэр хүндийг ашиглан хувийн зорилгодоо хүрч болохгүй гэх утга бүхий заалт байдаг гэнэ. Тэр утгаараа уг хуулийн заалтыг О.Баасанхүү зөрчсөн гэж залуу хуульчид үзсэн байна. Иймээс О.Баасанхүүг гишүүний нэр хүндийг ашиглан МАХН-ын дарга болохоор санаархсан гэх шалтгаанаар бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг Үндсэн хуулийн цэц болон АТГ-д хандсан гэнэ.
О.Баасанхүүгээс ялгаатай байдлаар бас нэг гишүүний бүрэн эрхийг хуульчид түдгэлзүүлэх санал гаргаад байгаа билээ. Энэ бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү. Түүний хувьд УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хорооны хуралд хуруу дарам цөөхөн суудаг. Шалтгаангүй таслах нь элбэг гэнэ. Энэ утгаар нь нэгэнт хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ажилдаа ирдэггүй гишүүн байх ёсгүй. Иймээс энэхүү асуудлыг шийдэх үүднээс Б.Наранхүү гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ хуульчид Үндсэн хуулийн цэцэд гаргасан гэнэ.
Зарим УИХ-ын гишүүдийн зүгээс өөрсдөө хариуцлага үүрүүлэх үүднээс хууль санаачлах тухай ч ам нээж эхэлсэн байна. Мөн хуульчдийн зүгээс УИХ-ын гишүүдэд хандан 4 жил эдэлдэг бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө түдгэлзүүлэх, УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тодорхой зохицуулалтыг УИХ-ын тухай хуульд оруулах талаар санал боловсруулж эхэлсэн байна. Хэрэв энэ нь амжилттай болох юм бол УИХ-ын гишүүний ажилдаа хандах хандлага, ирцийн асуудал сайжрах боломжтой гэж үзэж байна. Одоо УИХ-ын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан арай гэж ирц нь бүрдэж 50+1 гэсэн ирцтэй явж байгаа билээ.