Зарим хуульчид нэгдэн Улсын Их хурлын хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хуулийн зүйл заалтыг олохын тулд ажиллаж эхэлсэн билээ. Тухайлбал Үндсэн хуулийн цэцэд хандаж гишүүний бүрэн эрхийг дархалсан нэгэн заалтыг хүчингүй болгож чадсан. Энэ нь УИХ-ын гишүүн нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохдоо үйлдэл дээрээ нотлох баримттайгаа баригдсан бол бүрэн эрхээс нь чөлөөлж, шалгана гэсэн хамгаалалт юм. Энэхүү дархалсан хамгаалалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгоод байна.
Уг заалтыг хүчингүй болгосны дараа хэд хэдэн хуульчид нэгдэн УИХ-ын гишүүн Б.Наранхүүг ажилдаа ирдэггүй. Ажлаа байнга тасалдаг. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг болсон хууль тогтоох эрх мэдлээ эдэлдэггүй гэх үндэслэлээр УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах хүсэлтийг Үндсэн хуулийн цэцэд гаргаад байна.
Мөн дээрх заалттай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүүг эргүүлэн татах, бүрэн эрхийг нь цуцлах хүсэлтийг нэр бүхий хуульчид бас л Үндсэн хуулийн цэцэд гаргажээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь Төрийн ордонд МАХН-ын 3-р их хурал зохион байгуулж, өөрөө намын дарга болсон билээ. Гэвч уг хурал нь хууль бус, тамга тэмдэг байхгүй гэж МАХН-ын зүгээс зарга үүсгээд байгаа юм. Харин цэцэд хандсан хуульчид О.Баасанхүү гишүүн нь УИХ-ын тухай хуульд заасан УИХ-ын гишүүний нэр хүндийг хувийн зорилгод ашиглаж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн байна.
Ийнхүү 2 гишүүнийг ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргасан хуульчид гэмт хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах талаар ямар нэгэн шийдэл гаргаагүй байна. УИХ-ын гишүүн Д.Гантулга нь хүчингийн хэрэгт нэр холбогдсон. Хууль хяналтын байгууллага уг хэргийг эхлээд шалгасан ч нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин прокурорын байгууллага уг хэргийг шалгаж үзээд дахин мөрдөн байцаах нь зүйтэй хэмээн цагдаагийн газарт буцаагаад байгаа юм. Үүнээс хойш Д.Гантулга гишүүний нэр холбогдсон хүчингийн гэх хэргийг хэрхсэн нь тодорхой болоогүй байна.
Сүүлд гарсан мэдээллээр бол Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхийг түдгэлзүүлэн хүчингийн хэрэгт нэр холбогдуулан шалгах гэж байна гэсэн цуурхал гарч байв. Гэвч албаны эх сурвалжийн мэдээллээр одоогоор тийм шийдвэр аль нэг прокурорын зүгээс гаргаагүй гэнэ. Үндсэн хуулийн цэцэд хандсан хуульчид Д.Гантулга гишүүнийг шалгуулахын тулд дархлагдсан заалтыг хүчингүй болгох гэж зарга хийсэн байдаг. Дээрх хуульчид УИХ-ын гишүүн Д.Гантулгын нэр холбогдсон хүчингийн хэргийг нэг мөр хууль хяналтын байгууллагаар шийдүүлж, буруутай эсэхийг тогтоолгохоор ажиллаж байгаа гэдэг мэдээллийг өгч байна. Энэ ч үүднээс зохих хууль, журмын дагуу холбогдох газарт нь хандаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаас нь ажиллана гэв.
Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт УИХ-д ирээгүй байна. Хуулийн хүрээнд УИХ-д гэмт хэрэгт нэр холбогдсон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг прокурорын байгууллага УИХ-д илгээдэг. Уг асуудлыг УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо хуралдан шийдвэр гаргасны дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэн нууц санал хураалтаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийддэг юм. Ийм шат дарааллаар явахад дор хаяж нэг сар болох магадлалтай.
Үндсэн хуулийн цэцэд хандах мөн боломж бий. Гэхдээ ийм боломжийг ашиглахад цаг хугацаа их орно. Одоогоор Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хүсэлт Үндсэн хуулийн цэцэд ирээгүй байна.