Монгол улсад 1 сая гаруй хүүхэд бий. Эдгээр хүүхдэд сар бүр 20,000 төгрөгийг өгч ирсэн. Сүүлийн 4 жил энэ мөнгө тасралтгүй олгогдож байжээ. Харин энэ жилээс эхлэн уг мөнгийг зорилтот бүлгийн хүүхдэд сар бүр олгох нь зүйтэй гэж Ж.Эрдэнэбатын засгийн газар үзээд байгаа юм. Уг зорилтот бүлэг гэдэг нь Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар 1-17 дахь хэсэгт хамаарсан өрхийн хүүхэд орж байна. Дээрх бүлэгт 660 орчим мянган хүүхэд хамаарч байна. 79,2 тэрбум төгрөгийг 660 мянган хүүхдэд сар бүр 20000 төгрөг олгоход зарцуулахаар 2017 оны төсөвт суулгаад байгаа билээ. Харин үлдсэн 40 хувь буюу сар бүр хүүхдийн мөнгөө авч чадаагүй хүүхдэд 2019 онд нөхөн олгоно гэж засгийн газар амалсан. Нэг үгээр хэлбэл сонгуулийн өмнө бэлэн мөнгө тараах амлалтыг эртнээс төлөвлөж байна гэхэд болно. Үүндээ зарцуулах гэж 2019 оны төсөвт 161,5 тэрбум төгрөгийг суулгах тооцоог хийжээ.