Бэлэг өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгодог хэмээх сурагчаа үгүйсгэсэн захирлыг ажлаас нь чөлөөлнө
Сонсголын бэрхшээлтэй 29-р сургуулийн сурагчид өнгөрсөн хавар сургуулийнхаа сургалтын чанар, сурах орчны талаар гомдол гаргаж, жагсаал хүртэл зохион байгуулж байсан билээ. Тухайн үед сурагчид тус сургуулийн багш нар нь мэргэжлийн хичээл заадаггүй. Дохионы хэлийг бүрэн эзэмшсэн багш тун цөөхөн. Иймээс бид хичээлээ бүрэн ойлгохгүй байна хэмээн мэдэгдэж байв.
Мөн 29-р сургуулийн сурагчид бэлгийн дарамтад өртдөг талаараа гомдол гаргаж сургуулийн захиргаанд хэлдэг ч тоодоггүй. Сурагчдыг үгүйсгээд өнгөрдөг талаараа хэвлэл мэдээллийнхэнд ярьж байсан юм.
Харин тухайн үеийн шуугианыг шалгах, 29-р сургуульд үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг нягтлах үүрэг бүхий ажлын хэсгийг БСШУСЯ-наас гаргаж байлаа. Уг ажлын хэсгийн дүгнэлтээр 29-р сургуулийн багш нарын 50 хувийнх нь дохионы хэлийг сайжруулах шаардлагатай. Мөн сурах бичгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь зөв хэмээж байв.
Харин сурагчид бэлгийн дарамтад өртдөг талаарх нарийвчилсан мэдээллийг өгөөгүй юм. Энэ талаарх шалгалтыг хийж байгаа гэсэн тайлбар өгч байлаа.
Удалгүй 29-р сургуулийн захирал Б.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Гэвч Б.Батсайхан нь гомдол гаргаж, шүүхээр явсны эцэст ажилдаа эргэж ороод байгаа билээ.
29-р сургуулийн захирал Б.Батсайхан нь тухайн үеийн нөхцөл байдалд Ийгл тв-ийн сэтгүүлчид өгсөн тайлбартаа Сурагчид их бэлэг өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байна хэмээн олны дургүйцлийг хүргэж байсан билээ.