ОРГИЛМАА
УИХ-ын 2016 оны сонгуулийн маргаашаас нэгэн “азгүй” сайдыг хайж байсан юм.
УИХ-ын 2016 оны сонгуулийн маргаашаас нэгэн “азгүй” сайдыг хайж байсан юм. Учир нь АН-ын тавьсан их өрийг дарах хүнд ачааны эзэн нь МАН-ын Засгийн газрын Сангийн сайд болох учиртай байв. МАН ялж АН-ын тавьсан их өрийг задлахад тооцоолсноос нь өндөр байж. Үүгээр ч зогсохгүй МАН, АН-ын зарим нөхөд ажлаа хүлээлцэхдээ “цочмоор” зарим тоо баримтыг тохиролцож нуугаад, намжмал байдлаар танилцуулсан нь хожим тодорхой болсон. Олон нийтэд мэдэгдэж цочроолгүй хамтран алдааг засъя гэсэн улстөрчдийн тохиролцоо байсан болов уу.
Одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2015 оны 11 дүгээр сард төсөв хэлэлцэж байхад “2016 онд эдийн засгийн өсөлт 0 хувьтай байна, ОУВС 0,6 хувь гэж өөдрөгөөр хараад байна” гэж хэлчихээд адлуулж байв. Гэтэл хэдхэн сарын дарааЖ.Эрдэнэбатын Засгийн газар, түүний Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар -1.6 хувийн агшилттай эдийн засаг хүлээж авсан.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын он тоолол эхлээд 80 гаруй хонож байна. Тэдний Засгийн газарт “тохиолдсон явдал” нь мөнөөх л ОУВС-тай хамтранхэрэгжүүлж буй өргөтгөсөн хөтөлбөртэй холбоотой. Юуны өмнө өмнөх Засгийн газрын үед тусгахаас аргагүй байсан алдарт долоон төрлийн татвар “скандал” үүсгэлээ. Хэдийгээр Ч.Хүрэлбаатар сайд эдгээр татварыг зохиочихсон мэт, “нийгмийн дайсан” аятай адлагдаад байгаа ч хэний тавьсан өрийг дарж, хаанаас ирсэн зовлонгийн өмнө “наминчлал” хүлээгээд байгаа олон нийт сайн мэдэж байгаа. Гэвч тэдний хувьд татвар л бол татвар. Авч байгаа төр л муухай харагдана. Төрийн тэргүүн хориг тавьсан. Хоригийг хүлээж авах боломж УИХ-д байсангүй. Учир нь өмнөх зовлон хийгээд түүнийг давж гарах зам нь тэднийг санаа бодлоо нэгтгэж олон нийтэд таалагдахгүй ч хожмын өдөр улс орны эдийн засгийг аврах тэр гарц руу хөтөлсөн нь энэ байж.
Нөгөөтэйгүүр, энэ зовлон хаанаас эхтэй вэ гэхээр үрэлгэн зардлаас эхлэлтэй. АН-ын Засгийн газрынхан “Чингис бонд”-ын мөнгө дансанд орчихоод байхад ямар гээчийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэхгүй “888 төсөл шалгаруулаад санхүүжүүлчихье” гэж “зар тавьсан” тэр үеэс зовлон эхэлсэн. Зам тавьсан. “Гудамж” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Олон түмэнд хэрэгтэй ажил болсон гэдэгтэй маргахгүй. Бас их хэмжээний луйврын хэрэг үүссэн нь эдүгээ холбогдох хууль, хяналтын байгууллагаар тогтоогдоод байгааг зарлачихлаа. Гэхдээ тавьсан зам, зассан гудамж өрийг буцааж төлөх, өгөөжөө өгөх нь тарааснаас хойш өнөөдрийг хүртэл лав алга. Цаашид өгөх эсэх нь ч тодорхойгүй. Өгөөжөө өгөх ёстой зардлууд бас бий. Мөнгө хэвлэх явдал цадигаа алдаж Монголбанк, Засгийн газар гээд хуулиар өгөгдсөн хоёр урсгалаар суваг бүрт цацсан. Үүнээс үр дүнтэй нь гэвэл үнэ тогтворжуулах хөтөлбөр байсан хэдий ч улстөржсөн сонголтоор хувийн хэвшлийнхнээ буруу сонгож санхүүжүүлсний дүнд “бондын зарцуулалтын” гэх шинэ төрлийн гэмт хэрэг үүсч байгааг бид харж байна. Уг нь цааш зөв үргэлжилбэл огцом “шок”-ийг даван туулах, инфляцийн байнгын дарамтаас урьдчилсан хамгаалалт хийх боломж байгааг харуулсан. Гэвч зарцуулсан үнийн дүн, эргэн төлөгдөх байдал нь харамсмаар үзүүлэлттэй байгаа юм. Энэ бүхний үр дүнд бий болсон асар том өрийн дарамт Монголыг тэр чигт нь залгихад бэлэн байв. Хөрөнгө оруулагчид манай өрийн хэмжээ, зээлжих зэрэглэлийг хараад л нүүрээ буруулж эдийн засгийн уналт хязгааргүй үргэлжилж мэдэхээр нөхцөлд ОУВС хатуу болзлоо тулгасан. Монголын Засгийн газар дуртай дургүй биш хөөцөлдөж байж уг хөтөлбөрт хамтрахаар болж одоо байн байн ажлаа шалгуулж, хариуд нь хөрөнгө оруулалт авч эдийн засаг “сэхээнээс” гарлаа. Хөрөнгө оруулагчдын хандлага ч эергээр өөрчлөгдөж эхлэв.
ОУВС-ийн Захирлуудын зөвлөл энэ сарын 15-нд хуралдаж Монгол Улсад гурван жилийн хугацаатай хэрэгжиж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний болон хоёр дахь шатны үнэлгээний үр дүнг дүгнэлээ. Зөвлөлийн шийдвэр гарч Монгол Улсын тусгай зээлжих эрхээр 55.9 сая буюу мөнгөн дүнгээр 79.1 сая ам.доллар, цаашлаад нийтдээ 118.6 сая ам.долларыг олгохыг зөвшөөрсөн юм. Тэд дүгнэлтдээ “Зорьж байсан бүх тоон үзүүлэлтүүд хангагдсан байна. Төсвийн орлого нэмэгдэж, зардлын зарцуулалтыг чангатгаснаар төсвийн алдагдал ДНБ-ийн 7.6 хувьд хүрч, 2016 онтой харьцуулахад даруй тал хагасаас нь бага хэмжээнд очиж төсвийн үр дүн төсөөллөөс давлаа. Саяхан батлагдсан. Үр дүн нь ч гэх үү, өмнөх Засгийн газруудын үлдээсэн өв, бидний үйлийн үр яах аргагүй ийм л замд хөтөллөө. Үүнийгээ харин ч богино хугацаанд хияж,товчхондоо чамлахааргүй реформ хийлээ гэж үзэхээс өөр арга алга.
Шинэ оны босгон дээр өгөгдсөн өгөгдөлд хийсэн ажлаа харьцуулбал бас ч чамлахааргүй. Өмнөө тавьсан зорилтоос нь харахад “аюулгүй байдлын хэмжээнд” ярихад хүрээд байсан эрсдлээс ангижирчээ. 2017 оны эдийн засгийн бодит өсөлт нь хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.3 хувь, 2018 онд эдийн засгийн өсөлт 4.2 хувь байхаар тооцсон. Нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-нд эзлэх хувь 2017 онд 9.5 хувьд, 2018 онд 8.0 хувьд хүрч төсвийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах эхлэлийг тавилаа. Энэ үзүүлэлтийг 2020 онд ДНБ-ний 4.5 хувьд хүргэнэ” гэлээ. 2018 онд Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлэх, өр зээлийн дарамтыг бууруулах чиглэлд бодлогын шинжтэй зарим арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлтийг 4.2 хувьд хүргэх боломжтой гэж үзжээ.
Энэ өөдрөг үзүүлэлт бүхэн бодитоор биелэлээ олж төсвийн сахилга баттай, тогтвортой бодлоготойгоор ОУВС-тай хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчдыг эерэг үзүүлэлтээр даллаж шинэ оноо угтацгаая. Алдаагаа эргэж харлаа гээд өр багасдаггүйг харлаа. Гэхдээ хариуцлага гэж бий. Хэрэв “АН-ын Засгийн газрын тавьсан өрийг МАН дарж байна” гээд, эсвэл “АН татвар нэмдэггүй байсан, МАН л нэмлээ” гэж улстөржүүлэн сурталдлаа гээд өр ч багассангүй, төр ч ухаажсангүй. Утаа ч багассангүй, улсаа ч хөгжүүлсэнгүй. Бодит үнэнийг иргэд мэдэж байгаа. Ямар ч байсан Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болоод ийм байдалд хүргэчихээгүй. Тэр ингэтэл хямрааж чадах ч үгүй. Харин түүний мэдрэмж, урьдчилан таамаглах төсөөлөл, юу хийгээд ямар үр дүнд хүрч чадахаа мэддэг, хийдэг нь том үнэлэмж болж, түүнд дургүйчүүдэд нэгийг бодогдуулах нь лавтай. Тиймээс “долоон татварыг” бий болгосон бэ гэдэг асуултад эдгээр татварыг хуульчилсан нь биш энэ харамсалтай аргыг хэрэглэхээс аргагүйд хүргэсэн тэр эздийг заавал дурьдах учиртай. Алдааг арилгагчаа биш алдаа үүсгэгчидтэй хариуцлага тооцъё.