Улаанбаатар хотын ажил урагшгүй, өнгө гундуухан байгаа талаар олон нийтийн сүлжээнд шүүмжлэл тогтмол өрнөх боллоо. Ялангуяа утаатай холбоотой иргэдийн гомдол үл тасрах ажээ. Улаанбаатар хотын удирдлагын хувьд Агаарын бохирдлын талаар авч байгаа арга хэмжээ, хэрэгжүүлж байгаа бодлого нь тийм ч оновчтой биш.
Нийслэлийн өнөөгийн удирдлагын хувьд Агаарын бохирдлыг бууруулах тухай тодорхой санал, бодлого танилцуулсан зүйл алга. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хийх ажлын хүрээнд л явж байх шиг.
Агаарын бохирдлын асуудал зөвхөн Улаанбаатар хотын удирдлага, түүний харьяа агентлагийн ажил биш л дээ. Гэхдээ магнайлан оролцож, тэргүүнд нь явж, хэрэгжүүлэх бодлого, хийх ажил нь тэднээс л гарах учиртай юм. Түүнээс Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлыг хэрэгжүүлсэн болоод өнгөрч үл болно.
Утаатайгаа шинэ оноо угтах гэж байгаа энэ цаг мөчид Нийслэлийн зарим удирдлага гадаадад аялж, зугаалахаар мордсон сураг дуулдаж байна. Уг нь утаатай ч гэсэн Улаанбаатарт оноо гаргаж, иргэдийнхээ дунд байгаа гэдгээ мэдрүүлэх нь зүйд нийцэх байлтай.
Тухайлбал НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр гадаадыг зорьжээ. Хэзээ ирэх нь тодорхойгүй түүний гэнэтийн гадаадад зорчсон явдал нь зарим НИТХ-ын харьяа байгууллагын удирдлагыг цочролд оруулсан гэнэ. НИТХ-ын даргаар шийдүүлэх ажил байсан ч өнөөх нь гадаадыг зорьсон гэдэг гундуухан мэдээтэй өнөөдөр өглөөг угтсан Нийслэлийн зарим төрийн албан хаагчид амралтаа бодож, агаарт гарах тухай хөөрөлдөж эхэлсэн гэх явган яриа дуулдаж байна.
НИТХ-ын дарга нь гадаадад гарч агаар амьсгалж байгаа бол тус байгууллагын харьяа газрын ажилчид нь хотоос зугтаж, цэвэр агаар олж амьсгалах нь зүйд нийцэх нь лавтай. Харин шаварт унасан шарын эзэн гэгчээр утаатай Улаанбаатарт угаартаж үхэхгүйн тулд тэмцэл өрнүүлэн түмэн олон нь үлдэж, Шинэ оноо угтахаар хичээж сууна. Амьсгал боогдуулчих гэж тарчлаад байгаа агаарын бохирдлоос хэн ч гэсэн ганц хоног битгий хэл ганц хором ч гэсэн зугтахыг хүсч л байна.
Улсын Нийслэлийн иргэдийн хурлын дарга гэдэг албан тушаалыг хашиж байгаа хүн оны бөгсөн дээр гадаадад гарч амарч зугаалах бус ард олонтойгоо цуг алхаж, асуудал байвал шийдэлцэж, арга байвал олж, баяр байвал хуваалцаж, зовлонг нь сонсч, бодлогодоо тусгах ёстой баймаар юм. Гэтэл энэ дарга чухам хаашаа, ямар ажлаар явсан нь тодорхойгүй ч гадаадад явсан гэх ганцхан үг л түүний ажлын албанаас цуурайтаж байгаа нь тун харамсалтай.