2018 онд Улс төрчид эв нэгдэлтэй, хамтран зүтгэх тухай ам уралдан ярьж байна. Ийм яриа жил бүр л гарч, жил бүр л хөндөгдөж байдаг сэдэв. Гэвч хэрэгжиж, хийсэн алхам нь үлддэггүй билээ. 2018 он ч ялгаа байхгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оныг угтсан мэндчилгээндээ 2018 онд Улс төрчид эв нэгдэлтэй байж, улс орныхоо хөгжлийн төлөө ажиллахыг анхааруулах, хүсэхийг зэрэгцүүлэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн эв нэгдлийг сахигч байж чадах уу? ийм асуулт яах аргагүй гарна. Хэдийгээр эв нэгдлийг илэрхийлэгч хэмээх үндсэн статустай албан тушаалд очсон Х.Баттулга гэдэг хувь хүний хувьд 2018 онд эрх баригч МАН-тай гар нийлж, сөрөг хүчин АН-тай ойлголцон ажиллана гэдэг тийм ч итгэлтэй сонсогдохгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн намар 3 ч удаа хориг тавьж, эрх баригч МАН-ын хагаралд автуулж, холион бантан хутгаж амжсан нэгэн. Тэр дундаа эрх баригч МАН-ын хуваагдлыг улам ил тод болгох тоглолтыг Ерөнхийлөгч хийсэн гэхэд болно. Ийм нөхцөлд Ерөнхийлөгчөөс улс төрийн эв нэгдлийг харна гэдэг маш хүнд юм. Наанадаж л элчин сайдын томилгоон дээр эрх баригч МАН болон Ерөнхийлөгч Х.Баттулга нар шууд ойлголцоод явна гэдэг бүрхэг. Үүний тод илэрхийлэл нь хуучин оны сүүлээр Ерөнхийлөгч Х.Баттулгын Засгийн газарт буцаасан 3 элчин сайдын нэр юм. Г.Тэнгэр, Н.Чингүүндарь, Ё.Отгонбаяр нарыг элчин болгохгүй гэсэн Ерөнхийлөгчийн шийдэл нь нэг нэгдлийг хангахыг хүссэн биш, харин өөрийн эрх мэдлийг эрх баригч МАН-д анхааруулсан алхам юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрх мэдлээ баталгаажуулж, намд нөлөөгөө тогтоож, төрийн эрх мэдлийг атгаж эхлэв. Гэвч үүний цаана түүнд гомдогсод нэмэгдэж, бас өс санасан улс төрчийн тоо томрох хандлагатай байна. Он гарсантай зэрэгцэн эрх баригч МАН-аас хэн хэн засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах вэ? гэсэн асуулт гарч эхлээд байна.
У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайд, МАН-ын дарга гэсэн том сэтрийг зүүж байгаа ч намынхаа Удирдах зөвлөл болон бага хурал дээр тийм ч баталгаатай эрх мэдлийг хуримтлуулж чадаагүй. Мөн нөгөө талдаа УИХ-ын 65 гишүүний 33 гишүүн нь У.Хүрэлсүхийн талд баттай зогсох хэмжээний биш байна. Учир нь Засгийн газрын бүрэлдэхүүнд орж чадаагүй зарим улс төрчид эрх мэдлийн төлөө У.Хүрэлсүхээс урваж, эв нэгдлийг эвдрэлцэл болгож дөнгөнө.
Ийм нөхцөлд 2018 онд улс төрийн хүрээнд эв нэгдлийг хүссэн ч эрх мэдлийг атгаж байгаа улс төрчдийн хувьд эв нэгдлийг эрхэмлэж чадах ёс зүй, ухагдахуунтай байж чадна гэдэг маш их эргэлзээтэй юм.
Улс төрийн эв нэгдлийг хамгийн түрүүнд Х.Баттулга хангуулна. Түүний эв нэгдлийг хангуулах ганц гогцоо нь Төрийн ажлыг урагшлуулах алхам юм.
Харин эрх баригч МАН-ын хувьд эв нэгдлийг хангуулах үүргийг У.Хүрэлсүх атгаж байна. Түүний хувьд хэзээ буулт хийж, хэзээ урагш алхах нь хамгийн гол эв нэгдлийг гэрчилгээ болно. Эс чадваас тэр эрх мэдлээ ч энэ онд алдаж болзошгүй ээ.