МАН-ынхан сонгуулиар амалсан бэлэн мөнгө тараах амлалтынхаа нэг болгож энэ оны 1 сарын 1-нээс эхлэн өндөр настангуудад зориулж Насны хишиг олгохоор болсон. Уг шийдвэрээ л холбогдох газруудаар гаргуулаад байгаа билээ. Засгийн газар шийдвэрээ гаргаж, 2017 оны төсөвт шаардлагатай мөнгийг нь УИХ тусган баталж өгсөн. Тодруулбал ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийн өөрчлөлт энэ оны эхний өдрөөс мөрдөгдөж эхлээд байна. Хууль хэрэгжсэнээр 65-дээш насны ахмад настан бүр жилдээ 2 удаа мөнгөн тэтгэмж авах юм. Мөнгөн тэтгэмжийг билгийн тооллын хаврын тэргүүн сарыг угтаж нэг олгоно. Энэ нь цагаан сарын өмнө Засгийн газар хууль журмын дагуу бэлэн мөнгө тараана гэсэн үг. Үнийн хөөрөгдөл бий болчих гэмтэйг тэд тооцоогүй. Харин дараагийнх нь Үндэсний их баяр наадмын өмнө буюу 7 сарын 11-нээс өмнө олгох юм.
- 65-69 насны ахмад нэг удаад 50,000 төгрөг авна. Энэ насны нийт 73089 ахмад бий
- 70-79 насны ахмад нэг удаа 80,000 төгрөг авна. Энэ насны нийт 57624 ахмад бий
- 80-89 насны ахмад нэг удаа 150,000 төгрөг авна. Энэ насны нийт 18700 ахмад бий.
- 90 ба түүнээс дээш насны ахмад нэг удаа 250,000 төгрөг авна. Энэ насны нийт 2492 ахмад бий.
2017 оны нэг сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа Насны хишиг олгох шийдвэрийн дагуу 122 мянган ахмад настан 20,5 тэрбум төгрөгийг 2017 онд багтаан авах юм байна.
Дашрамд сонирхуулахад Монгол улсын хүн амын дундаж наслалт нь насны хишиг хэрэгжүүлэх настай харьцуулахад бага байгаа юм. Тухайлбал эрэгтэйчүүдийн хувьд дундаж наслалт 65 нас. Харин эмэгтэйчүүдийнх 75 нас бол дундаж наслалт. Нийт ахмадуудын хувьд дундаж наслалт 69 гэж гарчээ. Тэгэхээр Насны хишиг гэдэг бол дундаж наслалттай харьцуулахад жилд 100 мянгөн төгрөгийн тэтгэмжийн л асуудал юм.