Ц.Нямдорж: Эрдэнэтийн 49 хувийг төр авна. Гомдолтой бол хаана ч хандаж болно

Ц.Нямдорж: Эрдэнэтийн 49 хувийг төр авна. Гомдолтой бол хаана ч хандаж болно

2017 оны хоёрдугаар сард гарсан УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, "Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авах шийдвэрийг Засгийн газар өнөөдөр гаргалаа.

Засгийн газар ингэж шийдвэр гаргахдаа “Монголын зэс” компанийн 49 хувийг худалдаж авахдаа төлсөн мөнгийг харилцан суутгал хийх замаар шийдвэрлэж, төрд авахаар болсон гэж мэдэгдэж байна. 

2016 оны сонгуулийн өмнө Оросын Засгийн газар эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын талд зарсан байдаг. Монголын талаас уг хувийг Монголын зэс компани худалдан авсан. Энэхүү худалдан авалт нь зохих хууль журмын зөрчсөн хэмээн УИХ-ын нэр бүхий гишүүд үзэж гомдол гаргаж байв. Энэ дагуу асуудал явсаар 2017 оны 02 сард УИХ-ын 23-р тогтоол гаргаж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах нь зүйтэй гэж Засгийн газарт үүрэг болгоод байсан юм. 

Үүний хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Мөн уг үйлдвэрийн өмчлөлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах зэрэг шийдвэрийг удаа дараалан гаргаж байв. 
Үүнийг буруутгасан Монголын зэс компани шүүхэд гомдол гаргаад байсан юм. Улсын дээд шүүхээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч нь Монголын зэс компани мөн хэмээн шийдвэрлээд байна. 

Харин Засгийн газар шүүхийн уг шийдвэрийг буруу хэмээн үзэж Төрд 100 хувь авах ёстой гэсэн шийдвэрийг гаргав. 

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нөгөө тал гомдолтой бол хаана ч хандаж болно. Бид баримт гаргаж тавина хэмээн анхаарууллаа.