УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаараа 2018, 2019 онд Засгийн газрын хийж, хэрэгжүүлэх гол ажлын талаар авч хэлэлцжээ. Тэр дундаа агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Засгийн газраас 2020 он хүртэл хийх ажлуудаа бүлгийн хуралдаанд танилцуулж, гишүүд холбогдох асуудлаар байр сууриа илэрхийллээ. Улмаар бид утааны асуудлыг бүлгийн хуралдаанаараа дахин хөндөн ярилцсан юм. Одоо утаа бууртал нэг сарын хугацаанд бид дорвитой ажил хийж чадахгүй. Тийм боломж ч байхгүй. Харин утааг бууруулах тал дээр цогц арга хэмжээ авч ажиллахаар болж, нэгдсэн ойлголтод хүрлээ. Хаврын чуулганаар Засгийн газар утааг бууруулах чиглэлд хийх томоохон ажлуудыг эрэмбэлж, УИХ-д танилцуулахаар болсон" хэмээн мэдэгдсэн. Нэг талаасаа энэ өвөлдөө утаатай тэмцэж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Сайн хэрэг.
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд үе үеийн Засгийн газар ажилласаар ирсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газраас ч гэхэд энэ асуудлыг тусгайлан авч хэлэлцэж, Үндэсний хөтөлбөр хүртэл боловсруулагдсан байдаг.
Агаарын бохирдлыг бууруулах тодорхой шийдлүүдийг эрэлхийлж байна. Ингэхдээ нэг л зүйлийг голчилж харж байгаа. Тухайлбал, үнэ өртгийн хэмжээнд боломжийн мөртлөө нийтийг хамарч болохуйц технологийг эрэлхийлж байна. Мэдээж зарим хэсэгт зуух тараана. Худлаа яриад юу гэх вэ. Мэдээж агаарын бохирдлыг буруулах чиглэлээр тодорхой олон төслүүдийг хэрэгжүүлнэ" хэмээн мэдэгдлээ.
Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн засгийн газрынхан ээлжлэн зуух тараасан. Түүнээс өмнө Ерөнхий сайдууд ч бас л зуух тараасан. Харин үр дүн өнөөдөр Улаанбаатар хотын утаагаар хэмжигдэж байна. Мянганы сорилтын сангаас өгсөн мөнгө, улсын төсвөөс гарсан зуу гаруй тэрбум төгрөг бүгд л зуух, утаагүй түлш нэртэй үлгэрт зарагдаад дууслаа.
140 тэрбум төгрөг, 100 мянган ам долларыг утаатай тэмцэх нэрээр бизнес, улс төрийн бүлэглэл хуваагаад идчихсэн гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын их хурлын чуулган дээр мэдэгдсэн билээ. Дээрх мөнгөний дийлэнх хэсэг нь утаагүй зуух нэртэй төслийн зуух, утаагүй түлш нэртэй шатдаггүй, айлыг дулаацуулдаггүй шахмал түлшинд зарцуулагдсан билээ. Үр дүнгүй дээрх хөтөлбөрийг зогсоочих зориг зүрх яг үнэндээ У.Хүрэлсүхийн засгийн газарт алга бололтой. Үүнийг гэрчлэх мэт Байгаль орчны сайд Н.Цэрэнбат нь зуух тараана хэмээн өгүүлж сууна.