Сүржин агаад даржин шийдвэрийг утааны эсрэг гаргах бололтой. УИХ-ын нэгдсэн чуулган дээр утааны эсрэг ярив. Дорвитой арга хэмжээ авахгүй бол УИХ-ын тараах тухай ерөнхийлөгч Х.Баттулга ам алдлаа. Санаатай ам алдав уу? эсвэл санамсаргүй ийм үг унагаачхав уу? гэдгийг иргэд эргэцүүлж суугаа биз.
Ерөнхийлөгчийн хувьд олон нийтэд таалагдах гэж ойворгон зан гаргасан байх магадлалтай. Түүний хувьд УИХ-ын тараахын тулд утааны эсрэг муу ажилласан гэдэг шалтгаан хангалттай биш. Зүгээр л түмэнд таалагдаж, эрх баригчдад өөрийгөө зангарагатай шүү гэдгийг л харуулах гэсэн башир арга л гэхэд болно. Ерөнхийлөгчийг УИХ-ыг тараана хэмээн айлгасан үгэнд эрх баригчид харин ч нэг цочирдсонгүй.
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаараа утааны асуудлыг хөндөн ярилцав. Одоо утаа аяндаа замхарч арилах хүртэл буюу хаврын урь орох хүртэл утаатай тэмцэж чадахгүй. Үр дүн гаргаж амжихгүй. Угаасаа утаатай хоёрхон сарын дотор тэмцэнэ гэж байхгүй. Иймээс өөр цогц арга хэмжээ авах талаар зөвлөлдөж хаврын чуулганаар хэлэлцэнэ хэмээн түмэн олныг тайтгаруулж, төрийн ажлыг өөр зүгт хандуулах чин хүсэлтэй гэдгээ хэлчихлээ.
Ийнхүү эрх баригч намынхан утааны ажлаас зугтаж суухад тэдний төлөөлөл болсон сайд нь зуух тараах тухай ярьж сууна.
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд үе үеийн Засгийн газар ажилласаар ирсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газраас ч гэхэд энэ асуудлыг тусгайлан авч хэлэлцэж, Үндэсний хөтөлбөр хүртэл боловсруулагдсан байдаг.
Агаарын бохирдлыг бууруулах тодорхой шийдлүүдийг эрэлхийлж байна. Ингэхдээ нэг л зүйлийг голчилж харж байгаа. Тухайлбал, үнэ өртгийн хэмжээнд боломжийн мөртлөө нийтийг хамарч болохуйц технологийг эрэлхийлж байна. Мэдээж зарим хэсэгт зуух тараана. Худлаа яриад юу гэх вэ. Мэдээж агаарын бохирдлыг буруулах чиглэлээр тодорхой олон төслүүдийг хэрэгжүүлнэ" хэмээн мэдэгдлээ.
Мэдээж зуух тараана. Энэ үг яг үнэндээ хэний үг вэ? Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа утаатай тэмцэнэ хэмээн ам гарч зуух тараах ажлыг эхлүүлсэн. Агаарын чанарын алба гэгчээр дамжуулан Мянганы сорилтын сангийн тусламжаар авсан мөнгөнөөс зуух тараах ажлыг эхлүүлж байлаа.
500 орчим мянган төгрөгийн үнэтэй зуухыг 80-90 хувь хөнгөлж 50-75 мянган төгрөгөөр айлуудад зарж байв. Олон ч айл энэ зуухыг авсан. Сүүлд гарсан мэдээллээр Улаанбаатар хотын гэр хорооллын 180 орчим мянган өрхөд сайжруулсан нэртэй бүрэн шаталттай зуух тараасан гэдэг. Гэхдээ иргэд нь тухайн зуух нь халахгүй, энгийн зуухтай ижилхэн түлш зарцуулдаг, эхний авсан нь эвдэрч, эдэлгээ нь дууссан хэмээн гомдлох хэсэг байна.
Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын утааны эсрэг 500 орчим тэрбум төгрөгийг зарцууллаа. Үр дүнд нь хотын утаа нэмэгдэж, утаанаас үүдэлтэй өвчлөл өсч, иргэд эрүүл мэндээрээ хохирч байна.
Харин утаатай тэмцэх нэрээр эхлүүлсэн зарим нэг улс төрчийн бизнес цэцэглэн хөгжсөн байх. Тухайлбал зуух. Зуухны бизнесээс ашиг олсон томоохон аж ахуйн нэгжүүд хүртэл байгаа л байх. Дөл, хас гэх мэт хачин сайхан нэртэй зуухыг хийж, бас үйлдвэрлэж, зарим нь гадаадаас зөөж авчирч зарсан зуухны үр дүнг үзээгүй л байна. Үзэх ч үгүй. Угаасаа л нүүрс түлж байгаа зуухнаас утаа л гарна. Ийм энгийн шийдлийг эсэргүүцэхийн оронд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ хэмээн ам бардам ярьж суугаа Байгаль орчны сайд Н.Цэрэнбат та ажлаа өгчихвөл яасан юм вэ?
Байгаль орчны сайд Н.Цэрэнбатын хувьд утаатай тэмцэх шийдлийг хайж байна хэмээн ярьжээ. Хайх биш танилцуулах үүргийг та сайд хэмээх сэтэр зүүсэн цагаасаа авсан. Сайдын хувьд угаасаа хавар болохоор утаа мартагдаж, хэдэн сардаа нам жим байна хэмээн бодож суугаа бол эндүүрэл. Утааны эсрэг дуугарах нь хүн бүр эрүүл мэндээ хамгаалж байгаа үйл хэрэг болсон гэдгийг сана.
Утаатай тэмцэх ажлыг өдөр хоног, цаг минут бүр хийж хэрэгжүүлэх нь чухал. Гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах, дэд бүтцээр холбох гэсэн хоёр ажлыг л гардан авч хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй баймаар юм.
Түүнээс дулаалга, зуух тараах, түлш зарах нь утаатай тэмцэх арга шийдэл биш гэдгийг хэрэгжүүлсэн төсөл, хийсэн ажил, зувчуулсан мөнгө бүхэн нь харуулчихлаа. Иймээс энэ удаад залуу сайд та дээрх луйврын арга хэрэгслүүдээс татгалзаж, арай өөр бодит алхмыг ард иргэдэд санал болгоно гэдэгт найдаж байна. Байгаль орны сайд Н.Цэрэнбат танаас үүнийг л хүсье.