М.Энхболд, П.Сэргэлэн нар Засгийн газрыг шахаж Хаврын хурдан морины уралдаан зохион байгуулах уу?
Монгол Улсын Засгийн газрын өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглохоор зэхээд байна. Уг нь өнгөрсөн 7 хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг оруулан хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар төлөвлөж байжээ. Уг ажлыг Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин хариуцан ажиллаж байгаа юм.
Гэвч тодорхой бус шалтгаанаар уг асуудлыг хэлэлцэхээ түр хойшлуулах шийдэлд Засгийн газар хүрсэн гэх мэдээлэл байна. Хойшлуулах болсон гол шалтгаан нь УИХ-ын гишүүн нэртэй томоохон уяачид Засгийн газрын сайд нарыг тойглож эхэлсэн гэх мэдээлэл байна. Мөн Засгийн газарт багтсан томоохон уяачид хүртэл уг асуудлыг хориглохын эсрэг ажиллаж эхэлсэн гэнэ.
Монголын морин спорт уяачдын холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргаар Хүнс хөдөө аж ахуйн сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх П.Сэргэлэн нар ажиллаж байна. Энэ хоёр эрхмийн хувьд Хурдан морины уралдааныг хавар, өвөл зохион байгуулахгүй гэх шадар сайдын санаачилсан шийдвэрийг ил бас далд эсэргүүцэж байгаа гэх бор шувуу саарал ордонд нисч байна.
Монголын морин спорт уяачдын холбооны нөлөө бүхий хүмүүс засгийн газарт нөлөөлж, өвөл, хавар уралдаан зохион байгуулахгүй гэх шийдвэр гаргуулахгүйн тулд тал талд ажиллаж эхэлсэн байна. Иймээс л өнгөрсөн 7 хоногт хэлэлцэн шийдвэрлэх байсан Засгийн газрын тогтоолыг түр царцаасан гэх мэдээллийг албаны эх сурвалж өгч байна.
Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгийн хувьд зарим сайтад өгсөн тайлбартаа хэрэв өвөл хаврын уралдааныг зохион байгуулахгүй бол уяачид дур зоргоороо уралдаан зохион байгуулна. Замаа засахгүй, хүүхдийн хамгаалалтын хувцас өмсүүлэхгүй хурдан морины уралдаан зохион байгуулж, эрсдэл үүсгэдэг гэх утгатай айлгах, сүрдүүлэхийн алин нь үл ойлгогдох тайлбар өгчээ.
П.Сэргэлэн: Бүр хүчингүй болгочих юм бол бид хүчрэхгүй, Зам засахгүй, каскгүй уралдаж эхэлнэ. Тэгэхээр харин ч өндөр эрсдэлтэй хэмээн мэдээ.мн сайтын сэтгүүлчид тайлбарласан байна.
Өнгөрсөн жил өвөл, хаврын уралдаан зохион байгуулахгүй хэмээх шийдвэрийг салбар хариуцсан сайд нь гаргаж байсан билээ. Тухайлбал Хөдөлмөр, Нийгэм хамгааллын сайдын 2016 оны 02 сард гарсан а/36 тоот тушаалаар “Жил бүрийн 11 сарын 1 өдрөөс дараа оны 5 дугаар сарын 1 өдөр хүртэл хугацаанд хүүхдээр хурдан морь унуулж болохгүй гэсэн шийдвэр байдаг. Дунд нь нэг удаа өөрчлөлт орсон ч өнөөдөр хүчин төгөлдөр байгаа гэх тайлбарыг Хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас өгч байгаа юм.
Өвөл, хавар хүүхдээр хурдан морь унуулахгүй байх шалтгаан!!!!
Хурдан морь унаж, гэмтэж бэртсэн, амь насаа алдсан хүүхдүүдийн талаарх тоог хараад үзэхэд л дээрх тайлбарт шууд хариулалт өгнө. Хурдан мориноос унаж бэртсэн, амь насаа алдсан хүүхдүүдийн 90 орчим хувь нь өвөл, хаврын уралдаанд оролцож байжээ.
1996-2006 оны хооронд хурдан мориноос унаж амь насаа алдсан хүүхэд 17 хэмээх судалгааны тоо байна. Энэ үед өвөл, хаврын уралдаан цөөхөн зохион байгуулагдаж байв.
2006-2008 оны хооронд мөн л 2 хүүхэд хурдан мориноос унаж амь насаа алдсан байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд 25 хүүхэд хурдан мориноос унаж амь насаа алдсан гэх харамсалтай мэдээлэл байдаг байна. Гэхдээ энэ нь албан ёсны бүрэн судалгааны дүн биш. Олон судалгааны дүн, тоо хоорондоо зөрүүтэй байдаг. Энэ нь өвөл, хаврын цагт дур зоргоороо олон газарт том жижиг уралдаан болж, хүүхдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулдаг болсонтой холбоотой юм.
2013-2017 оны хооронд жилд дундажаар 300 орчим хүүхэд хурдан мориноос уралдааны замд унадаг. Үүний 220 орчим хүүхэд нь хөнгөн болон хүнд гэмтэл авч эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг гэнэ.
2017 онд л гэхэд Дүжингарав хаврын уралдааныг Шүүхээс явуулахгүй гэх шийдвэр гарсан. Гэвч засгийн газрын тогтоолтой уг уралдааныг зохион байгуулсан байдаг юм. Үүний улмаас 54 хүүхэд хурдан мориноос унаж, эрүүл мэндээрээ хохирч байв.
Мөн 2017 онд баруун бүст болсон хаврын уралдааны улмаас нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа.
Энэ бүх тоо, судалгаан дээр үндэслэн Хүний эрхийн комисс, төрийн бус байгууллагын төлөөлөл жил бүр өвөл, хаврын цагт хурдан морины уралдааныг зохион байгуулж болохгүй, зэрлэг балмад энэ үйлдлээ таслан зогсоохыг уриалдаг боловч, мөнгөтэй, эрх мэдэлтэй уяач нэртэй улс төрч, бизнесмен эрхмүүд зугаа цэнгэл, өөрийнхөө баяр баясгалангийн төлөө хүүхдийн эрүүл мэнд, амь насыг гаргуунд гаргасаар байна.
2018 онд өвөл хаврын 10 гаруй уралдаан болж болзошгүй байгаа талаар уяачид ам уралдан ярьж байна. Хэрэв Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгийн хэлсэн шиг уяачид дур зоргоороо уралдаан зохион байгуулах юм бол эрсдэлийг хэн үүрэх вэ? хариуцлагыг хэн хүлээх вэ? гэдгийг шийдэх хэрэгтэй.
Эсвэл Шадар сайд Ө.Энхтүвшингийн санаачилсан өвөл, хаврын уралдааныг бүр мөсөн хориглох засгийн газрын шийдвэрийг гаргаж Монгол улсын нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэх үүргийг яаралтай өгөх хэрэгтэй байна. Учир нь 2018 оны 02 сарын 16 өдрөөс эхлэн өвөл, хаврын хурдан морины уралдаан болж эхлэх гэмтэй юм.