Оюутолгойн асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгатай Уул уурхайн сайд Д.Сумьяабазар санал нэгдлээ
Монгол улсын эдийн засгийн өсөлт бууралтын нэг хэмжигдэхүүн бол яах аргагүй Оюутолгойн уурхай. Оюутолгойн уурхайн гэрээний асуудал байгуулагдсан цагаасаа эхлэн хэл ам дагуулж, хэрүүл тэмцлийн оч болдог билээ.
Үе үеийн засгийн газрын толгойны өвчин, бас шийдэх гэж хэлэлцээрт ордог газрын нэг бол Оюутолгойн уурхайг эзэмшигч Рио тинто компани. Ч.Сайханбилэгийн засгийн газар Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж Дубайн гэрээ гэгчийг бий болгосон. Уг гэрээгээр Монгол улсын хүртэх ашиг 30 жилээр хойшилж, Оюутолгойн уурхайн үр шимийг Монголчууд хүртэж чадахгүй болсон хэмээн халаглах улс төрч, иргэний хөдөлгөөнийхөн нэмэгдсэн билээ. Нэг үгээр хэлбэл анх С.Баярцогт нарын байгуулсан гэрээг муутгаж, дордуулсан өөрчлөлтийг хийсэн хэмээн Ч.Сайханбилэгийн засгийн газрыг шүүмжлэх болсон билээ.
Энэхүү гэрээний асуудал болон Оюутолгойн уурхайн хөрөнгө оруулалт, гаргаж байгаа бүтээгдэхүүн, олж байгаа ашиг зэрэгт нь шалгалт явуулах ажлыг хэсгийг У.Хүрэлсүхийн засгийн газраас томилон ажиллуулж байгаа. Энэхүү ажлын хэсгийн хувьд 2 сар орчмын хугацаанд чамгүй ажлыг амжуулсан гэх мэдээлэл байна. Тун удахгүй ажлын хэсгийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, тодорхой шийдвэр гарах юм. Ер нь бол У.Хүрэлсүхийн засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард сууж, ойлголцох ажил байгаа гэдгийг зарим улс төрчид хэлэх болсон.
Үүнээс өмнө шийдэх ёстой том асуудал бол Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулах өөрчлөлт юм. Монгол улс нь Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг билээ. 34 хувийн эзэмшлийн хүрээнд Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд 3 хүнийг томилон ажиллуулдаг. Өнөөдрийн байдлаар Монгол улсын засгийн газрыг төлөөлөн Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Мөн Нийгэм хамгааллын дэд сайд асан Б.Мөнхбаатар, мөн УИХ-ын гишүүн Гарамжавын хүргэн хэмээх тодотголтой Ч.Алтаннар ажиллаж байгаа билээ. Энэ гурван эрхмийг солих асуудал хөндөгдөж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой телевизийн ярилцлагад орохдоо Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд сул ажиллаж байна. Монгол улсыг төлөөлөн ажиллахдаа эрх ашгаа хамгаалах тал дээр хойрго байгаа хэмээн шүүмжилсэн. Иймд солих нь зүйтэй хэмээх санал гаргасан юм._
Харин өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дээрх саналыг дэмжиж байгаа утга бүхий үгийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар мэдэгдлээ. Түүний хувьд өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр: Төлөөлөн удирдах зөвлөл гэдэг чанга ажиллах ёстой. ТУЗ бол ТУЗ шиг байх ёстой. Бүгдээрээ үлбэгэр байна. Засгийн газар Рио тинтод 6,5+лайбор=8,4 хувийн хүүг зээлд төлдөг нь хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Эхний ээлжинд асуудлуудад анхаарна. Дубайн гэрээг өөр улсад байгуулсан шүүмжлэл дагуулдаг. Миний хувийн бодлоор Оюутолгойд худалдагдсан олон хүн бий. Засгийн газрын боловсруулсан мэдээллийг тэр айлд очиж худалддаг хүмүүс ч бий. Иймээс өнөөдрийн хоолноос илүү ирээдүйн ашгаа бодох нь зүйтэй. Ерөнхийлөгчийн саналтай нэгдэж байна хэмээн хэлжээ.
Тэгэхээр Оюутолгойн гэрээний асуудал хөндөгдөхөөс өмнө Засгийн газар бүрэн эрх мэдлийнхээ хүрээнд ТУЗ-ийн төлөөллийг өөрчлөх нь бололтой. Засгийн газрыг төлөөлж суугаа 3 эрхмийн хувьд тун удахгүй өөрчлөгдөх нь гэдэг нь Ерөнхийлөгч, Засгийн газрын байр суурь нэгдэж байгаагаас харагдаж байна гэхэд болно.