Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу Дарь эхийн орчим байрлах нэгэн зочид буудалд 13 настай охин нас барсан хэрэг 2017 оны намар гарч олныг цочроосон билээ. Энэхүү хэргийн талаарх хэлэлцүүлэг нийгэмд өнөөдрийг хүртэл өрнөж байгаа юм.
Уг хэргийн талаарх гомдол, хэлэлцүүлэг, буруутанг хайсан олон санал шүүмжлэл гарч байгаа. Харин өнөөдөр уг хэргийг анхан шатны шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд болжээ.
Хохирогч 13 настай охины амь насыг хөнөөсөн гэж буруутгагдаж байгаа Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийг эрүүгийн хуулийн зүйл ангиар буруутган шалгаж, цагдаагийн байгууллагаас шүүхэд шилжүүлсэн юм.
Анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцэн авч үзээд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.
13 настай охины өмгөөлөгч нарын зүгээс уг хэргийг шалгахдаа алдаа гаргасан хэмээн гомдол гаргаж байгаа юм байна. Учир нь хохирогчийн нас барсан шалтгаан нь архины хордлого гэж мөрдөн байцаалтын явцад үзсэн гэнэ. Нэг үгээр хэлбэл хэрэгт сэжиглэгдэж байгаа 2 залуугийн хувьд амь насыг нь хохироогоогүй. Харин архи охины амь насыг авч одсон гэсэн зүйл заалтаар мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Үүнд хохирогчийн тал гомдолтой байгаагаа шүүх бүрэлдэхүүнд хэлсэн байна.
Харин хохирогчийн өмгөөлөгчийн хувьд нэгд: 13 настай охин яагаад архи уусан вэ? өөрийн хүсэлтээр архи уусан уу? эсвэл шахалт, дарамтаар архи уусан уу гэдгийг тогтоох ёстой. Энэ нь эргээд үхэлд хүрсэн эсэхийг нь дүгнэх том үндэслэл болно хэмээн үзэж байгаа юм байна.
Мөн мөрдөн байцаалтыг явуулж, уг хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн 11,6,2, 12,1,4 гэсэн 2 зүйл ангиар буруутгасан байна. Үүнд хохирогчийн тал гомдолтой байгаа юм.
Учир нь Эрүүгийн хуулийн 11,6,2 гэдэг нь: Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10,1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хориг цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Харин эрүүгийн хуулийн 12,1,4 заалт нь Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тэр дундаа хохирогчийг жирэмсэн болгосон бол хэмээх заалт юм.
Дээрх хоёр заалт нь охины амь насыг хөнөөгөөгүй. Харин хүчиндэх үйлдэл хийсэн. Мөн биед нь санаатай гэмтэл учруулсан хэмээн сэжигтнүүдийг буруутгаж байгаа мэт ойлгож байна. Нэг үгээр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хуулийнхан 13 настай охиныг буудалд оруулан архи уулгаж амь насыг нь хохироосон гэж нийгэм буруутгаж байгаа 2 залууг хүний амь нас хохироогоогүй. Харин охин архи хэтрүүлэн уусны улмаас амь насаа алдсан. Сэжигтэн 2 залуугийн хувьд 13 настай охиныг биеэ хамгаалах чадваргүй байхад нь бэлгийн дур хүслээ хангасан хэмээн буруутгасан бололтой.
Үүнийг нь хохирогчийн ар гэр, өмгөөлөгчийн зүгээс эсэргүүцэж, анхан шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх гомдлыг хүлээн авч, хэргийг прокурорт шилжүүллээ. Хэрэв прокурорын шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзвэл нэмэлт мөрдөн байцаалтад уг хэргийг буцаах боломжтой юм байна.