Нийслэл хотод автомат мөрийтэй тоглоомын газрууд хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг. Далд хэлбэрт шилжсэн мөрийтэй тоглоомын газруудыг эрүүгийн цагдаагийн газраас илрүүлж үйл ажиллагааг нь зогсоожээ.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой нэр хаяггүй байранд автомат тоглоомын үйл ажиллагаа хууль бусаар явуулж байсан газруудыг илрүүлсэн. Олсон орлого, автомат тоглоомд ашиглагддаг төлбөрийн карт зэргийг шалгалтын үеэр хураан авсан байна. Тухайн үед тоглоомын газруудад 21-50 насны 100 иргэн тоглож байжээ. Мөрийтэй тоглоомын газар ажлуулж байсан иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцсон. Зөрчлийн тухай хуулинд мөрийтэй тоглоомын газар ажлуулсан иргэнийг 2 сая төгрөгөөр торгодог бол аж ахуйн нэгжийг 20 сая төгрөгөөр торгодог. Харин үйлчлүүлж байсан иргэдэд хариуцлага тооцоогүй.
Тухайн автомат тоглоомууд нь өнгөцхөн харахад энгийн нэг видео тоглоом шиг харагддаг. Гэхдээ мөнгө төлж оноо бүхий карт худалдаж авна. Картаар дамжуулан цахим бооцоо тавьдаг. Зарим тоглоомын бооцоо тавих зарчим нь жек пот буюу казино тоглоомын төрөлтэй ижил дүрмээр ажилладаг. Одоогоос 2 жилийн өмнө Улаанбаатар хотод энэ төрлийн автомат тоглоомын газрууд олноор байгуулагдсан. Харин цагдаагийн байгууллага үйл ажиллагаануудыг ээлж дараалан зогсоосны эцэст үйл ажиллагаа нь далд хэлбэрт шилжсэн. Энэ тоглоомыг тоглож байгаа хүмүүсийн дийлэнх нь 35 хүртэлх насны залуучууд байдаг.