Д.Загджав, Д.Сумьяабазар нарын тэмцэл Оюутолгойд ашиг авчрах уу?

Д.Загджав, Д.Сумьяабазар нарын тэмцэл Оюутолгойд ашиг авчрах уу?

У.Хүрэлсүхийн засгийн газрын анхааралдаа авч үзсэн нэг сэдэв нь Оюутолгой. Оюутолгойн хөрөнгө оруулагч тал болох Рио тинто ХХК-тай байгуулсан гэрээний асуудлыг судлах. Тэр дундаа Ч.Сайханбилэгийн засгийн газрын өөрчлөлт оруулсан Дубайн гэрээний алдаа, дутагдал, асуудал нь чухам юунд оршиж байгаа талаарх дүгнэлтийг хийхээр болсон билээ. Энэхүү ажлыг хариуцсан ажлын хэсэг гарч 2017 оны 10 сараас хойш судалж байгаа гэх мэдээллийн Засгийн газрын төлөөлөл өгч байгаа. Үүнтэй зэрэгцэн Засгийн газрын гол яам болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон дэд сайд нар нь Оюутолгойн асуудлаас болж нэг нэгнээ үгүйсгэж эхлэв бололтой.

Нэг яамны 2 гол төлөөлөл болсон улс төрчид хэвлэлээр л байлдаж эхлээд байна. Нэг нь өөрөөс нь асуухгүй мэдээлэл хийсэнд бухимдаж, огцруулах асуудлыг хөндөнө гэж мэдэгдэв. Харин нөгөө нь тэр бол зөвхөн тухайн хүний л байр суурь, иймээс Оюутолгойн гэрээний асуудлыг ярьж, хэлэх нь миний эрх хэмээн дэд сайд Д.Загджав мэдэгдээд байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавын хувьд 10-аад хоногийн өмнө Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой. Оюутолгойн үйл ажиллагааг зогсоож, асуудлыг шийдэх ч боломжтой хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Мөн тус асуудлаар хэвлэлийнхэнд хандана гэж мэдэгдэж байсан ч тэрхүү мэдээлэл нь хийгдээгүй билээ.

Дэд сайд Д.Загджавын мэдээллийн дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазарын хувьд мөн л өөрийн байр сууриа илэрхийлсэн. Д.Загджав гэдэг хүний хувийн байр суурийг Засгийн газрын бодлого, байр суурь гэж үзэж болохгүй. Засгийн газар бол парламентын зарчмаар ажилладаг. Засгийн газрын хуралдаан дээр ярьж, шийдвэр гараагүй нөхцөлд асуудлыг хөндөж болохгүй. Ажлын хэсэг байгуулагдаад 2 сар болж байна. Тэнд олон хүн орж ажиллаж байгаа. Оюутолгой бол Монголын эдийн засагт нөлөө үзүүлдэг. Иймээс асуудалд болгоомжтой хандах ёстой. Д.Загджав гэдэг хүний МАН томилж чадсан юм чинь бас огцруулж болно. Иймээс хариуцлагын асуудлыг Д.Загджав гэдэг хүн дээр ярих болно хэмээн мэдэгдсэн билээ.

Харин өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавын хувьд мөн л хэвлэлээр дамжуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазарыг чимхээд авлаа. Надтай хариуцлага тооцно хэмээн ярьж байгаа Д.Сумьяабазарын хэлсэн үг нь зөвхөн өөрийнх нь бодол. Тэр бол зөвхөн Д.Сумьяабазар сайдын л байр суурь. Миний хувьд Монгол улсын иргэний үүднээс асуудлыг хөндөж ярих болно. Гадны туршлагыг бид судалж, Монголын биш Канадын Оюутолгой болчихоод байгаа асуудлыг шийдэх ёстой. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр Монголын Оюутолгой гэдэг компани алга. Монголын баялаг гэж алга. Харин Канадын Оюутолгой гэж байна. Иймээс л энэ асуудлыг шийдэж, Монгол улсын эрх ашгийг хамгаалах ёстой. Монголчууд Оюутолгойд том давуу эрх, олон боломжийг олгож байхад тэд улам л даварч байна. Иймээс л асуудлыг шийдүүлэх хүртлээ ярьж, хэлсээр байх болно хэмээн мэдэгдлээ.

Оюутолгойн уурхайн хувьд зардал нь өндөр, ашиггүй ажиллаж байгаа мэт тооцоог Монгол улсын засгийн газарт Рио тинто компани гаргаж өгдөг хэмээн хардах хүмүүс олон болсон. Өдөр шөнөгүй Оюутолгойн уурхайгаас зэсийн баяжмал, алт, мөнгө зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн олборлогдож байна. Гэтэл тус үйлдвэрийн зардал нь өсч, Монгол улсын засгийн газрын 34 хувьд орж ирэх ашиг гэж алга болсоор байна. Иймээс л Дубайн гэрээг дахин ярилцаж, шаардлагатай бол Оюутолгойд шахалт үзүүлж, өөрчлөлтийг оруулах ёстой гэдэг дээр иргэний хөдөлгөөнийхөн нэгдээд байна. Нэг үгээр хэлбэл Д.Загджавын хэлж ярьж байгаа байр суурийг иргэний хөдөлгөөнийхөн дэмжиж эхлэв. Ийм нөхцөлд Д.Загджавыг огцруулна гэсэн Д.Сумьяабазар сайдын үг бодитой болох эсэхийг харах хэрэгтэй. Нөгөө талдаа энэ 2 улс төрчийн маргааны цаана Оюутолгой дахиад л хожоод өнгөрч болохгүй гэсэн байр суурьтай хүмүүс олон болжээ.

 Харин Д.Сумьяабазар, Д.Загджав нар нэгдэж, Оюутолгойд шахалт үзүүлж, гэрээг нааштай өөрчлөх нь хамгийн зөв алхам гэсэн байр суурийг зарим иргэний хөдөлгөөнийхөн мэдэгдээд байна. Засгийн газрын хувьд Оюутолгойтой хэлэлцээр хийх, гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт тавих эсэхээ эцэслэн шийдээгүй байгаа юм. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг удахгүй хэлэлцэх мэдээлэл дуулдаж байна. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазарын санаачлагаар Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд Засгийн газрыг төлөөлөн сууж байгаа Н.Багабанди, Б.Мөнхбаатар, Ч.Алтаннар гэсэн хүмүүсийг өөрчлөх болно гэж ярих боллоо. Тэд Монгол улсын засгийн газрын эрх ашгийг хамгаалж, ажиллаж чадахгүй байна хэмээн шүүмжлэх болсон юм.