Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хагас жилийн нүүр үзлээ. Өнгөрсөн 6 сарын хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч МАН-тай чамгүй зөрчилдөж, бас МАН-ын хэд хэдэн бодлого дээр тээг, тушаа болж үзэв.
Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд МАН-ын Засгийн газрын санал болгосон элчин сайдуудыг буцаав. МАН-ын шинэ засаг бүрэлдэхэд нэр дэвшигч дээр хориг тавьж, эрх баригч МАН-ын улс төрчдийг манаргаж, барьц алдуулж дөнгөв. Төсвийн тухай хуулийн зүйл заалт, МАН-ын халамжийг бодлогыг үгүйсгэж, хэрүүл алим болгон хэдэн улс төрчдийг ярих зүйлтэй, мэтгэлцэх сэдэвтэй болгож дөнгөв.
2017-2018 онд шилжих хэсэг хоромд Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч МАН-ын улс төрчийг бас л сандаргаж дөнгөв. Түүний хувьд УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр үг хэлэхдээ Утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол УИХ-ын тараах хүртэл санаачлага гаргана гэдгээ мэдэгдлээ. УИХ-ын олонхийг бүрдүүлж, 65 суудалтай хэмээн даналзаж байгаа ч дотроо 2 хуваагдчихсан МАН-ынхан энэ удаад айхгүй байх шиг байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг дэмжихгүй байна. Одоо 2 сарын дотор утааг бууруулах дорвитой арга хэмжээ авч дөнгөхгүй. Харин хаврын чуулганаар Засгийн газраас санал оруулж ирэн, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах, зарим шийдлийг хэлэлцэж, 2018-2019 оны өвөл арга хэмжээ авна хэмээн тайлбар өгөв. Нэг үгээр хэлбэл УИХ-ыг тараана гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгыг сүрдүүлгээс айхгүйгээр бид дараа нь хэлэлцэх болно гэсэн хөнгөхөн хариулалтыг өгчихлөө.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд МАН-ын өгч байгаа хариулалтыг үл ойшоож, УИХ-ын тараах байр сууринаасаа ухрахгүй хэмээн мэдэгдэж байна. Сүүлд телевизэд өгсөн ярилцлагадаа энэ тухай дуугарч байна. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлж байгаа шиг УИХ-ын тараах эрх зүйн орчин, боломж, нөхцөл нь хаагдмал байна. Хууль зүйн талаасаа Ерөнхийлөгчийн санаачлагаар УИХ-ыг тараах боломж байхгүй. Учир нь эрх баригч нам болох МАН 65 суудалтай учир магадлал маш бага юм. Одоогоор МАН-ын 2 гишүүн л Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тараах байр суурийг дэмжиж үг хэлж байгаа харагдана. Бусад нь УИХ-ыг тараана гэдэг байж болохгүй алхам хэмээн дуу хадаах боллоо.
Ерөнхийлөгчийн УИХ-ын тараах сүрдүүлэг дээр УИХ дахь сөрөг хүчнийхэн хүч нэмэгдүүлж эхэллээ. Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжих болно гэж мэдэгдэв. Тэд зөвхөн УИХ-ыг тараах тухай хөндсөнгүй. Засгийн газарт хариуцлага тооцох талаар ч ярьж эхлэв. Бодитой, бас боломжтой хувилбар нь Засгийн газрыг огцруулах. Гэхдээ эрх баригч МАН-ын 65 гишүүний тусламжгүйгээр сөрөг хүчин АН Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй. Учир нь тэдний 9 гишүүн гарын үсэг зурсан ч Засгийн газар огцрох боломжгүй. Мөн нэг сайдыг ч огцруулах санаачлага гаргаж дөнгөхгүй. Өмнө нь АН эрх барьж байхдаа Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, сайдыг огцруулах санаачлага гаргадаг гишүүний эрхийг хязгаарлаж, хамтдаа буюу 18 ба түүнээс дээш гишүүний санаачлагаар сайд болон Ерөнхий сайд, засгийн газрыг бүхэлд нь огцруулах эсэхийг хэлэлцүүлдэг болгосон билээ. Тэгэхээр АН хүссэн ч эс хүссэн ч МАН-ыг л харж, МАН-ын гишүүдийг царайчлах болно. Тэгэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хамгаалалт бүхэлдээ МАН-ын 65 гишүүнд байгаа гэсэн үг. Одоогоор МАН-аас Засгийн газартаа хариуцлага тооцох, алдаатай ажиллаж байна хэмээн гомдлох гишүүн гараагүй байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийж, хэрэгжүүлж байгаа ажлаас УИХ-ын хэд хэдэн гишүүний эгдүүцлийг төрүүлж байгаа ганц алхам нь утаатай тэмцэж зуух тараах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын үг бас үйлдэл юм. Эхний ээлжинд 10 гаруй мянган зуухыг Сонгинохайрхан дүүрэгт тараана хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдэгдээд байгаа. Түүний хариуд сая амралтын өдөр Н.Учрал гишүүн нүүрс тарааж, эсэргүүцлээ илэрхийллээ.
Тэгэхээр хамгийн бодитой алхам бол Ерөнхийлөгч Х.Баттулгын хурц мэдэгдэл, бас хуульд хориг тавих үйлдэл юм. Үүн дээр нэмж, сөрөг хүчний улс төрийн дүрэм орж ирсэн нөхцөлд Х.Баттулга ба АН гэсэн тоглолт нь МАН-ыг айлгаж дөнгөнө. Харин УИХ-ын тараах хэмжээнд хүчтэй байж чадахгүй. Нөгөө талдаа УИХ-ын бүрэн эрхийг хугацаа тун удахгүй талдаа орно. Ийм нөхцөлд тараах боломж улам л буурах талтай. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын тарааж гэж ПОП үг хэлэхийн оронд илүү бодитой бодлого ярьж, МАН-ыг шахаж, Улс орны хөгжилд тустай шийдвэр гаргуулах тал дээр анхаарах хэрэгтэй байна. Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг айлгаж, УИХ-ыг тараана хэмээн ярьж чадаж байгаа хэрнээ Татварыг нэмэгдлээ бууруул гэж МАН-ыг шахаж, Засгийн газрыг айлгаж яагаад болохгүй байна вэ?