Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав “Оюутолгой” ХХК-ны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Д.Загджавын хувьд “Оюутолгой”-н үйл ажиллагааг зогсоох ёстой гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Энэ нь Засгийн газрын байр суурь биш, Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавын байр суурь хэмээн тодотгосон юм.
Д.Загджав: "Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Би "Рио Тинто" компанийг Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. Оюу толгой компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэхгүй ирлээ. Оюутолгойн хөрөнгө оруулагч Рино тинто ХХК нь Монгол улсад уул уурхайн түүхий эдийн зөөвөрлөх, авто зам эсвэл Төмөр зам барьж байгуулах ёстой байсан. Гэтэл үүнийгээ хийсэнгүй. Монголын барьсан авто замаар давуу эрх эдэлж, 3 сая тонн зэсийн баяжмалыг зөөвөрлөж байна. Монгол Улсад цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан ч үүнийгээ бас хийж, хэрэгжүүлэх алхам хийсэнгүй. БНХАУ-аас импортоор жилдээ хэрэгцээт цахилгаанаа импортлон авч байна. Нэг үгээр хэлбэл Монголын баялгийг хурдан зөөж дуусгаад л явах сэтгэлгээ ажиглагдах боллоо. Оюутолгойн хөрөнгө оруулагч тал мөн зэс хайлуулах үйлдвэр байгуулах ёстой байв. Бас л энэ асуудал өнөөдрийг хүртэл алга. Гурван сая тонныг концентраци хэлбэрээр нь гаргасаар байна.
Зарим нэг хүмүүсийг ажилд авсан, томилсон тэдэн ажлын байр бий болгосон, Өмнөговь аймагт 5 сая ам долларын жижиг төсөл хэрэгжүүлсэн болоод л өнгөрч байна. Яагаад Ханбогд сумыг хот болгож болохгүй байгаа юм бэ. Манай баялгаар хөрөнгө босгож, тэрбум тэрбумаар нь олж байгаа хэрнээ манайд яагаад оруулахгүй байгаа юм бэ. Тэд 5-6 тэрбум ам.доллар босгочхоод 1 тэрбум ам.долларыг нь л Монгол руу оруулсан байна" Бусад мөнгийг гадаадад тараачихжээ. Ийм байдлыг л хүлээн зөвшөөрч болохгүй байна. Иймээс Оюутолгойн уурхайг хаах хүртэл арга хэмжээ авч гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой. Ийм туршлага Индонез улсад байна. Тэдний туршлагыг бид судалж, асуудалд хандах ёстой. Дубайн гэрээнд өөрчлөлт оруулах алхам ч чухал байна хэмээн мэдэгдсэн юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавын мэдэгдлийн дараа сэтгүүлчид цөөн асуултад хариулалт авлаа.
Танай дүүгийн компанийг "Оюу толгой"-н туслан гүйцэтгэгч байсан. Уг компанийг Оюутолгойн туслан гүйцэтгэгчээс хассан нь Д.Загджав гэдэг хүнийг ийм зүйл ярихад хүргэж байна хэмээн мэдээлэл гарч байна. Ийм учиртай юм уу?
Би гурван дүүтэй. Нэг нь төрийн өмчит компанид, хоёр нь хувийн салбарт бизнес эрхэлдэг. Би тэдний ажилд хөндлөнгөөс оролцдоггүй. Манай дүүгийн компани туслан гүйцэтгэгч байсан гэж сонсоогүй.Манай дүүгийн компани Рио тинто ХХК-ийн туслан гүйцэтгэгч байсан гэж сонсоогүй. Тийм юм байхгүй гэж бодож байна.
Энэ таны хувийн байр суурь уу, эсвэл яамны байр суурь уу?
Энэ бол Монгол Улсын Уул уурхай, Хүнд үйлдвэрийн дэд сайдын мэдэгдэл. Ард түмнийхээ өмнөөс хийж байна.Нөгөөтэйгүүр миний энэ мэдэгдэл нь эх орныхоо эрх ашгийн өмнөөс хийж байгаа юм. Та бүхэн сайтруу нь ороод харах юм бол бүгд байж байгаа. Монгол улсын хөгжилд Оюутолгойн нөлөө өнөөдөр алга. Монгол улсын хөгжилд Монголын баялаг зарцуулагдах ёстой.
Салбарын сайд таныг буцаан татна гэснийг та юу гэж бодож байна?
Тэр бол тухайн хүний өөрийнх нь байр суурь. Би бол Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хамгаалсан. “Оюутолгой” Монголынх биш Канадынх болоод удаж байна. Дэлхийн зах зээл дээр Монгол “Оюутолгой” гэж байдаггүй. Иймд энэ асуудлыг зогсоож, “Оюутолгой”-гоо Монголынх болгомоор байна. Нийт ард түмний эрх ашгийн өмнөөс би “үзэх” болно.
Оюутолгойн асуудлыг өмнө нь яагаад тавьж байгаагүй юм вэ? Дубайн гэрээний дараа та хэлж болоогүй юм уу?
Оюутолгойн гэрээг Монголын хөгжлийн нэг шат гэж харж байсан. Гэвч энэ асуудал явахгүй байна. Нэлээд судалж, бас хүлээцтэй хандсан. Монгол улсын баялгийг Монгол улс өөрөө мэдэх ёстой. БИд аль нэг улсын клон биш. Бид тусгаар тогтносон Монгол улс. Иймээс л бид баялгаа өөрөө мэдэх ёстой.
Оюутололгойн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй гэсэн санал танаас гарч байна. Гэвч салбарын сайд чинь эсэргүүцэж байгаа?
Оюутолгойн үйл ажиллагаа Монголын ажил биш байна. Хилийн чанадаас удирдаад, хэдэн тонн зэсийн баяжмалыг ачуулах эсэхийг шийдэж байна. Ийм байж болохгүй. Гэтэл бид Эрдэнэт үйлдвэрийг мэднэ. Эрдэнэт үйлдвэртэй, Эрдэнэт хоттой, мөн хажууд нь байрлах сангийн аж ахуйтай нь цуг 480 сая орчим шилжих рублээр барьж байгуулж байлаа. Гэтэл Оюутолгой чинь Эрдэнэт үйлдвэртэй дүйцэх бүүр илүү нөөцтэй юм шүү дээ. Иймээс л Монголын хөгжилд хувь нэмэр оруулах ёстой гэж харж байна.
Манайх Оюутолгойн хөрөнгө оруулалтын санхүүгийн тайланг шалгаж чадаж байгаа юу?
“Рио тинто” ХХК-ийн санхүүгийн тайланд бид шалгалт хийж чадахгүй байна. Уг нь Монголын Аудитын газар хийх ёстой. Гэтэл чадахгүй байна. Үүнээс болоод л “Рио тинто” ХХК-ийн хөрөнгө оруулалтын зардал өсч байгааг хянах боломжгүй болчхоод байна. Олон улсын хөндлөнгийн хараат бус аудит хийж байна гээд яваад байгаа. Угтаа бол Монголын аудитын газар шалгалт хийх ёстой.