Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны гадаадад айлчлалдаа мордлоо. Түүний хувьд анхны гадаад дахь айлчлалаа БНСУ-аас эхлүүлж байна. Түүний айлчлалын гол зорилго нь Хоёр улсын хооронд иж бүрэн түншлэлийн харилцааг бий болгох хэмээн Засгийн газраас мэдэгдээд байна.
Өнөөдөр эхэлж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийх албан ёсны айлчлал 17 өдөр өндөрлөх юм. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгчид бараалхаж, Ерөнхий сайдтай хэлэлцээр хийж, Монгол-Солонгосын бизнес форумд оролцох юм байна. Үүний зэрэгцээ БНСУ-аас авах 500 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг эцэслэн шийдэхээр болжээ. Уг зээл нь 30 жилийн хугацаатай, жилийн 0,2 хувийн хүүтэй, эхний 10 жид нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй хөгжлийн зээл юм. Энэхүү мөнгийг авах нь У.Хүрэлсүхийн айлчлалын хамгийн том зорилго гэж Засгийн газрын төлөөлөл тодорхойлж байна.
У.Хүрэлсүхийн айлчлалын бүрэлдэхүүнд Монгол улсын засгийн газрын дарах гишүүд орж явсан байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар нар багтсан байна. Хэрэв Засгийн газрын ээлжит бус хуралдаан болох шаардлага гарсан нөхцөлд У.Хүрэлсүх Сөүл хотноо Монгол Улсын Засгийн газрын хуралдааныг зохион байгуулж болох нь хэмээн явган яриаг гаргаад байна. Нэг талаасаа Засгийн газрын бүрэлдэхүүний олон сайд уг айлчлалд оролцож байгаа нь энэхүү айлчлалаас У.Хүрэлсүхийн танхимын гадаад харилцааны томоохон шийдэл гарна гэсэн хүлээлтийг бий болгоод байна.