НИТХ-ын дарга С.Амарсайханы санаачилгаар энэ сарын 22-нд Газар олголт, өмчлөлтэй холбоотой олон нийтийн хэлэлцүүлэг болох нь ээ. Сураг сонсох нь, энэ хэлэлцүүлэгт 1500 хүн оролцох аж. Энэ талаараа С.Амарсайхан “Газрын албатай холбоотой төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, аливаа асуудлын шийдлийг хурдан гаргах зорилгоор санал гомдлыг хүлээн авч байна. Жишээ нь, өнөөдөр шүүхийн шийдвэр гарсан 40 гаруй тогтоол шийдвэрүүд байна. Эхний иргэн 10 гаруй жил хөөцөлдөж байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлж чадахгүй, асуудлаа шийдэж чадахгүй явж байгаа иргэд байгаа” гэж албаны маягаар мэдэгдсэн.
Зэрвэс харахад, НИТХ жигтэйхэн их ажил хийж, иргэдийнхээ санал бодлыг сонсдог болсон мэт. Гэвч энд нэг асуудал бий.
Юу гэвээс, бизнесээр бэл бэнчинтэй болж, улмаар НИТХ-ын дарга хэмээх албанд сууж чадсан энэ эрхмийн компани нэгэн цагт элдэв янзын луйварт нэр холбогдож явсан нь хачирхалтай. Түүнчлэн С.Амарсайхан 2014 онд нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр намынхаа Д.Энхжаргал болон түүний төрсөн ах Д. Энхтайван нарыг залилан мэхлэгч хэмээх төлбөртэй мэдээллийг өгснөөс үүдэж тус хэвлэл одоог хүртэл шүүхэд дуудагдсан хэвээр байгаа.
Хамгийн наад захын жишээ дурдахад л, хотын хаанаас ч сүндэрлэн харагддаг байсан Зайсан толгой, түүний ойр орчмын газруудыг сорчилж түүсэн хүн нь С.Амарсайхан хэмээн учир мэдэх хүмүүс батлан өгүүлдэг.
Харин С.Амарсайхан өөрөө үүнийг эрс няцааж ““Оюуны Ундраа” компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Энэ компанийг газар эзэмшиж болохгүй. Үйл ажиллагаа явуулах, бизнес хийж болохгүй гэж хуулиар хориглоогүй. Бид бүтээн байгуулалт хийж байна. Мөн ардчилсан нийгэмд амьдарч, ажиллаж байгаа. Хуулийн хүрээнд хууль ёсных нь шаардлагыг биелүүлээд ажил үүргээ явуулж байна. Хуулиар хориглосон зүйлд үйл ажиллагаа явуулах эрх байхгүй. Бид дээрээ төртэй. Дэргэдээ хуультай хүмүүс” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Тэгвэл яаж яваад Зайсангийн газруудтай холбогдсоныг баримттайгаар хүргэж байна. Үүнийг бичихийн тулд он цагийг урагшлуулах болно. Тодруулбал, 2012 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН НУТАГ ДЭВСГЭРТ ГАЗАР АШИГЛАХ ТУХАЙ гээчийг нэг талаас Хан-Уулын Засаг дарга Ж.Ганхуяг, Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Шинэхүү, нөгөө талаас “Собт Трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Намба нар байгуулжээ. Гэрээний дугаар 2005-1/260 бөгөөд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Эрдэнэчимэг баталгаажуулж байжээ.
Ямар ч өөгүй, цэвэрхэн гэрээ. Гэхдээ “Собт Трейд” ХХК яаж яваад С.Амарсайхантай холбогдчихов гэвэл тухайн үед буюу 2012 онд гэрээ байгуулахад тус компанийн хаягийг “Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж, “Оюуны-Ундраа” ХХК-ийн байр” гэж бичсэн байх юм.
Тэгвэл одоо “Собт Трейд” ХХК-ийн 2012 онд гэрээгээр авсан “Аялал жуулчлалын зориулалалт” бүхий 15 мянган га газарт “Зайсан Скүэр”, “Зайсан Хилл” гэгч хоёр барилга сүндэрлэн босоод байгаа. Харин нэгэн үед С.Амарсайхан Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан “Оюуны-Ундраа” групп эдгээр барилгыг эзэмшдэг нь олон талаар нотлогддог. Тухайлбал, “Оюуны-Ундраа” групп соёл амралтын “Зайсан Хилл” цогцолборыг тун удахгүй нээх гэж буйтай холбогдуулан ажилтан шалгаруулах зар тавьсан ба хаяг байршил нь “Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, зайсан 17023, Дүнжингарав14, "Зайсан скуэр" төв”. Мөнөөх “Собт Трейд”-ийн нэр хаана ч байхгүй.
Тэгвэл энэ яригдаад байгаа, Туул голын эрэгт байрладаг “Зайсан Скуэр” төв нь албан вэб хуудсандаа “Shopping Mall” буюу худалдааны төв гэсэн тодорхойлолттой байдаг. Тэгэхээр нөгөө аялал жуулчлалын зориулалттай гээд байгаа нь “Худалдааны төв”-ийг хэлээд байсан бололтой. Ямар ч гэсэн энэ төвд үнэтэй чамин, тансаг ганган эд зүйлс худалдаалдаг бөгөөд ямар нэгэн байдлаа аялал жуулчлалд зориулагдсан гэхээсээ тэр хавийн дээд зиндааныханд тусгайлан үйлчилдэг газар гэлтэй.
Зайсан толгойн ар нуруунаас өмлөөд барьчихсан “Зайсан Хилл” ч гэсэн нийслэлчүүдийн зөв боловсон цаг зарцуулалтыг дэмжинэ гэх маягийн уриатай ч хоёр гүүрний цаадтайх хүмүүст л зориулсан болов уу гэмээр. Түрээсийн үнэ ч тэнгэрийнх. Яав ч эгэл голдуу амьдралтай иргэд ихэнх хувийг нь эзэлдэг нийт улаанбаатарчуудынх биш ээ.
Үүнээс гадна уг гэрээний 4-ийн 5-д “Ашиглахаар авсан газартаа барилга байгууламжийн ажил эхлэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөл авч, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, холбогдох бичиг баримтыг хамгаалалтын захиргаанд хянуулж, ажил эрхлэх зөвшөөрөл авна” гэж заасан байх юм. Тэгвэл Туул голын эрэгт барьсан “Зайсан Скуэр” хийгээд Зайсан толгойг эмтэлж босгосон “Зайсан Хилл” зэрэг нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэдгийг баталсан баримтыг Улаанбаатар хотын нийт иргэд үзэж, танилцах эрхтэй баймаар санагдах юм.
Учир нь нэг метр кв газрыг 1320 төгрөгөөр үнэлээд, жилд 19.8 сая төгрөгийг улсад газрын төлбөр хэмээн тушаачих бизнесмэн олон бий. Өөрөөр хэлбэл, улс тусгай хамгаалалттай газраа ашиглуулсныхаа төлөө энэ группээс 2012-2017 онд нийт 99 сая төгрөгийн л төлбөр авсан төдий. Харин ашиглаж буй этгээдүүд нүдэн дээр бийлэгжиж байгаа нь нууц биш.
Гэхдээ хэнд нь ч Богд Хан уулын тусгай хамгаалалттай газар нутагт 15 мянган га газрыг аялал жуулчлалын бүс болгоно гэж авангуутаа, хоёр ч том худалдааны төв босгож зүрх зориг төрөхгүй байсан биз ээ. Аялал жуулчлалын бүс босгоход 15 мянган га талбай мэдээж хангалттай. Харин аялал жуулчлалын зориулалтаар ашиглана гэдэг нь худалдааны төв, ихэнх монголчуудын мөрөөдөлд л байх өндөр үнэтэй цогцолбор босгоно гэсэн үг биш байлтай. Тэгээд ч “Зайсан Скуэр”, “Зайсан Хилл”-ийг барьсан газар 15 мянган га хүрэхгүй учраас дахиад өөр олон байршил тэдний мэдэлд орсон гэсэн үг. Бид дараагийн дугаартаа үүнийг сурвалжлан мэдээлэх болно.
“Оюуны Ундраа” группын өнөөгийн эзэд, түүний Ерөнхийлөгч байсан С.Амарсайхан тэргүүтэй эрхмүүд өөрсдийнхөө үйлдлийг яаж л бол яаж хамгаалж чадах байх. Тэгээд ч хүчтэний өмнө хүчгүй нь буруутай байдгаас хойш тэд ийнхүү улаан цагаандаа гарсан биз ээ. Гэхдээ хэн хүний нүдэнд илэрхий ийм бусармаг үйлдэл гаргачихаад түүнийгээ хээв нэг хуулийн хүрээний асуудал хэмээн тайлбарлаж буй С.Амарсайхан даргад газрын тухай сэдвээр шударга ёс ярих эрх бий юу. Энэ хүн одоо түүхэн дурсгалт Зайсангийн амыг дураараа зайдагнаснаа цагаатгахын тулд нарийвчилсан тайлбар гаргаж, нийт олонд танилцуулах ёстой. Мөн тухайн үеийн эрх мэдэлтнүүд ямар шалгуураар энэ газрыг олгосноо ч тайлагнах шаардлагатай. Одоо тэрбээр ямар, ямар газрыг өөрсдийн болгохоор улайрч байгаа тухайг бид дараагийн дугаартаа баримттайгаар хүргэх болно. Хэдийгээр хууль дүрмийнхээ дагуу энэ газруудыг авч бүтээн байгуулалт хийсэн гэж ярьдаг ч яагаад өнөөдөр Дорж, Дулмаа нар 00.7 га газраа ч авч чадахгүй байна вэ гэдэг нь бодит асуудал.
Ер нь ч НИТХ-ын дарга С.Амарсайханы нэр холбогдоод байгаа газрын маапаан дан ганц Зайсангийн амаар дуусахгүй. Жишээ татахад, тэрбээр “Оюуны-Ундраа” группийн Ерөнхийлөгч байхдаа Баянзүрхийн товчооны дэргэд томоохон газрын гэрээ байгуулсан гэдэг. Тэр газарт нь айлууд амьдардаг байжээ. Гэтэл өнгөрсөн арваннэгдүгээр сард “Оюуны-Ундраа”-гийн хүмүүс очиж, тэдгээр айлыг хүч хэрэглэн хөөж туусан байх юм. Монголчууд газар хөлдсөн үед буурь сэлгэхийг цээрлэдэг. Гэвч ёс уламжлал энэ группт хамаардаггүй бололтой. Гэхдээ чухам яг ямар зориулалтаар тэнд газар авсан, цаашид хэрхэн ажиллах гэж байгааг нь ч бид эргэн мэдээлэх болно. Үүнээс гадна Энхтайваны гүүрний хоёр талд ч газар эзэмших эрхтэй гэсэн яриа байдаг.
Ингээд харахад, ноён С.Амарсайхан энэ сарын 22-нд чухам ямар шалтгааны улмаас газрын төлөөх шударга ёсыг нэхэн шалгаах гээд байгаа нь хачирхалтай. Бид түүний барилга байгууламж нийслэлийн А зэрэглэлийн аль газарт сүнлэрлэн боссон тухай мэдээллийг ч зургаар хүргэх болно.
Эх сурвалж: Нийгмийн шуудан