БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гэж У.Хүрэлсүхийн Засгийн газарт нэмэр болохоосоо нэрмээс болох янзын нөхөр байх юм.
Монголын байгаль орчны хувь заяаг ямар нэг хугацаанд атгаж байх хариуцлагатай үүрэг оногдсон болохоор олон түмний анхааралд байнга байдаг л хүн. Улаанбаатарын агаарын бохирдол энэ утааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдгүйгээр багасгаж, арилгана гэж хэн ч төсөөлөхгүй биз. Тийм болохоор түүний үг, яриа утаандаа дарлуулаад байгаа энэ үед чухал байм. Гэтэл эрхэм сайдын хэвлэл, мэдээлэлд өгсөн удаа дараагийн ярилцлагыг уншихад “Ээ чааваас ийм сайд байх гэж дээ” гэсэн бодол төрөх юм.
Ярианаас нь урагшаа харсан царай огт харагдахгүй дандаа л утаатай хийсэн өмнөх жилүүдийн бүтэлгүй бүхнийг хамж шимсэн үгнээс нь өөрийн гэсэн бодолгүй нь илт. Ёстой Майн Ридийн “Морь унасан толгойгүй хүн”-ий тухай романы үйл явдал санагдах. Тэр нэг хэдэн тоо л давтаж хэлдэг. Өмнөх үед утаанд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулаад үр дүн гараагүй гээд эхэлнэ дээ.
Одоо утааг бууруулахад чиглэсэн олон ажил хийж байж үр дүнд хүрнэ. 194 ажил байгаа. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд нийт 9.8 их наяд төгрөг шаардлагатай гэх юм. Мөнгө л нэхээд байгаа бололтой.
Сайдын өөрийнх нь багцад 16.9 тэрбум төгрөг бий гэж. Түүний 8.3 тэрбум нь эрчим хүчний зардалд явчихна. Таван тэрбум нь дэд бүтцэд, аймаг орон нутаг, суурин газруудын агаарын бохирдлыг бууруулахад 100 сая төгрөг зарцуулна гээд л тоть шиг давтана даа энэ сайд. Одоо Улаанбаатарын утааг хэрхэн бууруулах вэ гэсэн асуултад хариулахаараа нэг хэлсэн үгээ дараа нь үгүйсгээд л авч өгнө. Утаагүй зуух өмнө нь тараагаад үр дүн гараагүй нь үнэн гэх мөртлөө Улаанбаатарт байгаа 13 мянга орчим зорилтот бүлэг (гоёор нэрлэж байгаа нь энэ)-ийн айл өрхийг сайжруулсан зуух, түлшээр хангана. Энэ нь нөгөө 194 ажлынх нь эхнийх нь юм байх.
Өмнөх тараасан зуухууд шахаа байсан гэж Н.Цэрэнбат хэлсэн. Тэгвэл одоо тараах зуух чинь ямар нь вэ гэж асууя. Дараа нь нөгөө сайжруулсан түлш чинь хаа байна гэхэд сүүлийн дөрвөн жилд энэ чиглэлийн үйлдвэрүүдэд татаас өгөөгүй учир үйл ажиллагаа нь зогссон. 17 тэрбум төгрөгийг сайжруулсан түлш хийх үйлдвэрийн зардалд өгсөн дүн мэдээ бий гэж байна лээ. Энэ бүхнийг нь сонсоход утааг бууруулна гэсэн сэдвийн бүхэл бүтэн үлгэр мэт.
Н.Цэрэнбатын ярьж байгаа үлгэр үүгээр дуусахгүй ээ. “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний сан” гэдэг нэрийн дор Улаанбаатарынхныг Тавантолгойн нүүрсээр хангах төсөл гээч үл биелэх үлгэрээр улам баяжиж байна.
Тавантолгойгоос хагас коксжсон нүүрсийг Улаанбаатарт тээвэрлэн авчрах юм гэнэ. Юу юу гэнэ вэ. Өмнөговиос Чойр хүртэл 500 км хатуу хучилттай замыг 650 тэрбумаар барина. Чойрт нүүрс тээврийн сүлжээтэй болно. За тэгээд нүүрсээ хатууруулах үйлдвэр барина ч гэх шиг. Улаанбаатарын зургаан дүүрэгт нүүрс хадгалах агуулахтай болно гэв үү.
Н.Цэрэнбатын хэлснээр энэ үлгэр Улаанбаатарыг нүүрсний хот болгох нь дээ. Нүүрснээс салаагүй цагт утаанаас ангижирна гэж ярих нь ёстой солиотой хэрэг биш үү.
Энэ сайдын үгэнд утааны эсрэг шинэ технологи танилцуулж байгаа нэг компанийнхан “Бид хятадын зах зээлд хамрагдчихвал бэлэн олон мянган зуух байгаа” гэж хэлсэн гэжээ. Бээжин хот утаагүй боллоо гээд байгаа. Тэгэхээр тэдний олон илүүдэл зуух бий. Түүнийг хямдаар худалдаад авчих юм гэсэн санаа буй бололтой.
Өмнө нь сайд байсан Д.Оюунхорол утааны эсрэг тэмцэх тухай хурал болж байхад унтаж байсан гэж шүүмжлүүлж байсан ч агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, цахилгааны үнийг бууруулах, евро 4.5 стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импортыг дэмжих, долоогоос дээш жил эдэлсэн автомашины хэрэглээг хязгаарлах гэх мэт биелээгүй ч шинэ санаа хэлдэг л байж.
Гэтэл Н.Цэрэнбатад тийм юм бодох, хэлэх тэнхээ алга бололтой. Өмнө нь гарч ирж байсан дэвшилттэй санал санаачилгыг ч огт дурсахгүй юм. Уг нь нийслэлийн нягтралыг багасгахын тулд Налайх, Эмээлтэд аж үйлдвэрийн парк байгуулах, гэр хорооллыг барилгажуулах, V цахилгаан станцыг барих гээд хэрэгжүүлсэн бол үр дүнгээ өгөх төслүүд байсан. Бас нэг төвтэй хотоос олон төвтэй хот руу шилжүүлэх тухай төсөл хийгдэж Улаанбаатар хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэгт барих асуудал ч сонин л сонсогдож байж билээ. Тэдгээр нь дэвшилттэй шинэ санал байлаа. Тэгвэл Монгол төр, засгийн ажлын залгамж чанар гэж алдагдсанаас тэр бүхэн мартагдав даа.
Н.Цэрэнбат сайд иймэрхүү шинэ гэгдэж байсан юмнаас сэргээн санавал яасан юм бол. Зүгээр л утаагүй зуух, сайжруулсан түлш, маск төдийг л ярих юм. Утаа гэдэг өөртөө олон төрлийн хор хөнөөл агуулсан нийлмэл эд. Тэгвэл одоо манай төр, засгийнхны утаатай хийж байгаа тэмцэл гээч нь улс төр, бизнес гэсэн холимогын төрөл болчихоод байгаа юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Солонгосоос 500 сая ам.доллар зээлж ирэх нь Улаанбаатарын утааг бууруулахад зориулах мөнгө гэсэн. Энэ сургаар нэг хэсэг нөхөд элдэв төсөл барьж гүйн тэрнээс нь хувь хүртэх гэж оролдоно мэдээж.
Н.Цэрэнбат бол зуухаа, нүүрсээ, маскаа авах мөнгөтэй боллоо гээд баярлаж яваа байх.
Түүнийг Засгийн газрын гол нэг яамны сайдаар томилохдоо шинэ сэргэг, залуу хүн юм цаашаа хол явах байх гэсэн итгэл хүлээлгэсэн. Гэтэл утааны тухайд л гэхэд хэлж ярьж байгаа нь хэнд ч гологдоод нэмэр нь бага нэрмээс нь их байгаа. Тиймээс монголчууд төрд хэрэгтэй зайран гэж хэн нэгнийг өргөмжилдөг бол Н.Цэрэнбат төрд огт хэрэггүй зайран ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.ЖАРГАЛСҮРЭН