Ч.Сайханбилэгийн засгийн газар Сайн оюутан хөтөлбөр хэрэгжүүлж сургалтын зээл олгож эхэлсэн. харин Ж.Эрдэнэбатын засгийн газар уг хөтөлбөрийг зогсоож оронд нь мөн л оюутанд чиглэсэн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллэ. Уг хөтөлбөр 2017 оны нэг сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна. Уг ажлыг хийхийн тулд засгийн газраас шинээр Боловсролын зээлийн санг байгуулав. Уг сан нь оюутны сургалтын төлбөрийг дарамтыг бууруулах үүрэг чиглэлийн хүрээнд ажиллах юм. Уг сангийн үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор 2017 онд улсын төсөвт 101,5 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн. Уг мөнгөөр оюутны сургалтын төлбөрийн зээлийг тус сан санхүүжүүлэх юм. 2016-2017 оны хичээлийн жилд төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуульд 164 мянган оюутан суралцаж байна. Эдгээрийн 70 мянга орчим нь сургалтын зээл авах боломжтой. Дээрх санд байгаа мөнгө нь ийм хэмжээний оюутны сургалтын төлбөрийг зээлээр олгох санхүүжилт юм байна. Зөвхөн дотоодын оюутанд сургалтын төлбөрийн зээл олгоод зогсохгүй Гадаадын их дээд сургуульд суралцах оюутны сургалтын төлбөрийн зээл олгоход зориулж 14,5 тэрбум төгрөгийг мөн улсын төсөвт суулгаад байна. Зээлийг хэрхэн олгох журмыг Боловсролын яам болон сургалтын зээлийн сан хамтран гаргах юм. Уг журмын дагуу их дээд сургуулийн оюутнууд сургалтын зээлээ авч төлбөрөө төлөх боломжтой. Гэвч 2016-2017 оны сургалтын төлбөрүүдийг сургуулиуд ихэнх нь авч дууссан. Учир нь хичээлийн жил эхлээд л 11 сар гэхэд сургуулиуд төлбөрөө авахын тулд оюутныг хавчих, хичээлээс хөөж гаргах зэргээр олон арга хэрэглэдэг билээ. Ингээд санасандаа хүрч сургалтын төлбөрөө бүрдүүлж авдаг. Иймээс сургалтын зээлийн хэрэгжих хугацаа оройтчихлоо гэх шүүмжлэл зарим оюутнаас гарч байгаа гэсэн. Ямартай ч ийнхүү оюутны сургалтын зээл хэрэгжиж эхэллээ.