У.Хүрэлсүхийн засгийн газар маш хүнд сорилттой нүүр тулан бэдэрч эхэллээ. Шатахуун импортлогч нар Засгийн газрыг буланд шахаж, сүүлийн цохилтоо хийхийн тулд байдаг л боломжоо ашиглаж байх шиг байна. Уг нь жижиглэн худалдааны өргөн хэрэглээний бензин болох А-80, А-92 шатахууны үнийг нэмэхгүй. Харин А-95, Дизель түлшний үнийг нэмэх шийдэлд Төр хувийн хэвшлийн хамтарсан Үнийн зөвлөл шийдвэрлэсэн билээ. Нэг үгээр хэлбэл эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шийдэлд Төр, Хувийн хэвшил хүрсэн гэсэн үг.
Гэвч аливаа цаг мөч бүрт санасандаа хүрч, төрийг өмнөө сөхрүүлж, түмнийг арга ядахад хүргэдэг башир аргатай шатахуун импортлогч нар болох Шунхлай, Петровис, Магнай трейд, Сод Монгол, Тэс петролиум гэсэн цөөхөн хэдэн компани Монгол улсыг бүхэлд нь туйлдуулж, эдийн засгийн эсрэг “хүчин” хийж байна. Тэд яг л ийм арга замаар Монгол улсын эдийн засгийг хохироож, өөрсдөө баяжиж ирлээ.
Дээр нэр дурдсан компаниуд өнгөрсөн 20 жил ОХУ-аас шатахуун худалдан авч, үнэ нэмж дарах ажлыг л хийв. Хэдийгээр төрийн зохицуулалттай, хүнд бизнес хэмээн уйлан дуугардаг ч яг үнэндээ аль ч төрийг өөрсдийн хүссэн аргаар удирдаж, дуртай үнээ тогтоож ирсэн нь тэдний үг, үйлдэл бүхнээс харагддаг. Өнөөдөр шатахуун зарж баяжсан хүмүүс бол Петровис Оюунгэрэл, Шунхлай , Сод Монгол Анандбазар, Магнай трейд Тэс петролиум Баттөмөр. Энэ эрхмүүд бүгд л ОХУ-аас худалдаж авсан шатахуун дээрээ хэдхэн биш олон зуун төгрөг нэмж зарах бизнесийг хийж ирлээ. Тэд монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулахын эсрэг хамгийн их хүчин чармайлт гаргаж, хор найруулж, хог хутгаж ирсэн гэхэд болно.
Үе үеийн засгийн газрын тэргүүн нарын буулт хийж, хүссэн мөнгийг нь гарт нь атгуулж ирсэн бизнес эрхлэгчид бол шатахууныхан. Тэд үнээ нэмлээ гэж хэлээд л Засгийн газрыг айлгадаг. Битгий үнээ нэмээрэй гэж засаг гуйх бүрт Онцгой албан татвараа тэд болгон бууруул, ханшын зөрүүний мөнгө өг, үнэ тогтворжуулах хөтөлбөрийнхөө мөнгөнөөс төчнөөн тэрбум төгрөгийг бидэнд хувааж өг, татвар нэмэхгүй бай гэх мэтээр сайд дарга нарыг шалдаа буулгаж, өмнөө сөхрүүлэн өөрсдийнхөө бизнесийг тэтгүүлж ирлээ. Үүнээс хэн хожив. Засгийн газрын үе үеийн сайд нар лав хожоогүй. Тэдний түмэнд таалагдах гэсэн богино зайны улс төр нь амжилтад хүрээгүй гэсэн үг. Нөгөө талд нь ард түмэн хожиж чадсангүй. Харин ч тэдний дарамттай драмын жүжгийн хар гайгаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Өнөөх нь эргээд буурна гэж байхгүй. Ийнхүү улсын эдийн засагт л урагшгүй хувилбарыг хувиа бодож, довоо шарлуулсан шатахуун импортлогч нар хийж ирлээ.
Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газар нефть боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах тухай шийдвэрээ гаргаад явж байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газар уг ажлын эхлэлийг тавьсан. Тэд БНЭУ-аас авах 1 тэрбум ам долларын зээлээр шатахууны үйлдвэр барих шийдэлд хүрэв. Үүнийг үргэлжлүүлж, барих газар, ТЭЗҮ зэргийг нь эцэслэх үүргийг У.Хүрэлсүхийн Засгийн газар гүйцэтгэж байна. Тэд чамгүй хөрөнгө зарцуулж, уг ажилд анхаарч байгаа. Гэхдээ үүнийг нь зогсоох, ирийг нь моох санаархал шатахуун импортлогч нарт байгаа юм биш биз. Тэд чухам ямар шалтгаанаар бензиний үнийг нэмэх, хомсдол үүсгэж эрэл хайгуул болгох аргыг хэрэглэнэ вэ? Нэг үгээр хэлбэл иргэдийг залхааж, арга ядсан иргэд дотооддоо шатахуун үйлдвэрлэх яршиг. Харин олдож байвал хэдээр ч хамаагүй худалдан авах тухай үг унагааж гэж бодсон уу?
Харин ч түмэн олон минь шүд зууж, төр засаг маань тэвчээр гаргаж айлгаж сүрдүүлж, ард олныг хожиж, Алтан соёмбот төрийг дарамталж, төгрөг авч сурсан луйварчин гаруудад бууж өгч болохгүй юм. Айлгах тусам нь ажлаа хийж, асуудлаа шийдэж шатахуун боловсруулах үйлдвэрээ барьж байгуулах ажлаа эхлүүлэх нь зөв.
Сайншандад байгуулах шатахуун боловсруулах үйлдвэр нь 1 тэрбум ам долларт багтаж баригдана. 260 орчим сая ам доллараар нь Дорнод аймгийн Матад сумаас түүхий нефть дамжуулах хоолойг барьж байгуулах юм. Харин 600 гаруй сая ам доллараар жилдээ 1,5 сая тонн шатахуун болон шатах, тослох материал үйлдвэрлэх хүчин чадалтай байгууламжийг барьж байгуулахаар ТЭЗҮ нь гарчээ. Монгол улсын хувьд жилдээ 1,2-1,3 сая тонн шатахуун, шатах тослох материал хэрэглэж байгаа гэх судалгаа байдаг. Хэрэв дээрх үйлдвэр ашиглалтад орсон нөхцөлд Монгол улсын дотоодын хэрэгцээг бүрэн хангах юм.
Монгол улс нь 320 орчим сая тонн түүхий нефтийн нөөцтэй гэж үздэг. Таамаглаж байгаа нөөц нь 600 орчим сая тонн. Хэрэв баталгаатай нөөцөөр тооцож үзвэл 250 орчим жилийн хугацаанд түүхий эдээ дотоодоосоо хангах боломжтой гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар Хятадын хөрөнгө оруулалттай хоёр компани Монголын түүхий нефтийг БНХАУ-руу бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд экспортлон авч байна. 6 сая тонн түүхий нефтийг Петро чайна дачин тамсаг компани өдөр шөнөгүй зөөвөрлөж байна. Гэтэл бид энд шатахууны хэрүүл хийгээд сууж байгаа нь зүйд үл нийцнэ.
Иймээс л У.Хүрэлсүхийн засгийн газар бууж өгөхгүйгээр шатахуун импортлогч нарыг зоригийг мохоож, төрийн нүүр харуулж, түмний эрх ашгийг хамгаалж нефть боловсруулах үйлдвэрийнхээ барилга угсралтын ажлыг эхлүүлэх хэрэгтэй.