Нийслэлийн засаг дарга С.Батбодыг огцруулах гэж байна хэмээх явган яриа гарчээ. 6 сарын өмнө байсан бол итгэж болох. Харин өнөөдөр бол энэ яриа үндэслэл багатай юм. Учир нь эрх баригч МАН-ын хувьд одоо эв эеийг хичээж, элдэв хэрүүлээ зогсоож, ажил хийх цаг. Тэдэнд амлалтаа биелүүлж, ард олны сонголтын ачыг хариулах хугацаа тун богино үлдлээ.
Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж сайхан үг бий. Хагас жилийн хугацаанд дээрээ суудлаа олоогүй МАН-ынхан өнгөрсөн оны сүүлээс албан тушаалын төлөөх улайралд нь намжиж, ажил хийх, асуудлыг зөвөөр харах тал дээр анхаарч эхэлсэн гэж найдаж, бас хүлээж байна. МАН-ын дарга, Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх ч энэ тухай нэг бус удаа хэлсэн. Одоо ажил хийе гэсэн түүний санаа нь намын дотор үүссэн бужигнааныг зогсоож, ажлаа дор бүрнээ хийх анхааруулга байв.
Засгийн газрын төвшинд халаа сэлгээ үргэлжилж байна. Гэхдээ дэд сайд, сайдын хүрээнд биш. Харин төрийн нарийн бичгийн дарга, газар хэлтсийн дарга, бүүр цаашлаад буруу бүтцийг засах, залруулах ажил эхлэв. Энэ бол нэг талаасаа байх гэж ойлгож болох ч одоо болно. Харин ард иргэдийнхээ туйлдсан амьдралыг өөд нь татахад наад цаг хугацаагаа зарцуул. Шатахууны үнэ бууруулах ажлаа хий. Ард олны амьдрал хүнд байна. Утаатайгаа тэмц, нэмж чадсан шигээ 7 төрлийн татварыг бууруулах ажлыг яаралтай эхлүүл. Тэтгэврийн насны сунгалтаа зогсоо. 2016 оны амлалтаа эргээд нэг хар. Харсан бол одоо амлалтаа биелүүлж, ажлаа хий. Энэ бол эрх баригч намын үүрэг бас хариуцлага.
Харин засагтайгаа цуг бужигнаж байсан нийслэл дээр байдал өөр болов. НИТХ-ын дарга өөрчлөгдсөн. Бусад албан тушаал байрандаа байгаа. Ийм нөхцөлд Улаанбаатар хотын удирдлага одоо ажлаа л дор бүрнээ хийх цаг юм. Түүнээс хэн нэгэн албан тушаалтантай зууралдаж, хэрүүл тэмцэл хийх цаг биш.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд НИТХ-ын төлөөлөгч нар сэм уулзаж, Нийслэлийн засаг даргыг огцруулах яриа өрнүүлсэн гэх мэдээ гарчээ. НИТХ-ын хурлын 45 төлөөлөгчийн 34 нь МАН, 11 нь АН. МАН-ын 34 төлөөлөгч өмнө нь 2 хуваагдаж, ана мана үзэж байсан. Одоо бол арай өөр байгаа гэдгийг тэд хэлж байна. Нийслэлийн засаг дарга С.Батболдод үзүүлсэн НИТХ-ын итгэл буураагүй. Харин ч хариуцлага үүрүүлж, Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр шахаж ажиллах нь НИТХ-ын үүрэг. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө явах болно гэдгээ мэдэгджээ.
НИТХ-ын хурлын дарга С.Амарсайханы хувьд Улаанбаатар хотын удирдлага, түүний багийг шахаж ажиллах болно. Иргэдийг төлөөлж байгаа хүний хувьд Улаанбаатарчуудын санал гомдлыг шийдүүлэх тал дээр хотын удирдлагыг шахах нь миний үүрэг гэж мэдэгджээ. Яг түүнтэй ижил санаа зорилгыг НИТХ-ын төлөөлөгч нар тээж байгаа гэнэ.
Одоо бол албан тушаалын маргааныг зогсоох цаг. Харин ч ажил хийж, амлалтаа биелүүлж, ажлаа хийх цаг болсон. Одоо 2 жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ хугацаанд Аз жаргалтай Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг нь С.Батболд ба түүний багийнханд байгаа. Тэр утгаараа С.Батболдыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар томилох шийдвэрт хүрсэн. Удахгүй С.Батболдыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар батламжлах хурал болох гэнэ. Энэ бүхнээс харах юм бол Улаанбаатар хот дээр МАН нэг талдаа гарчихсан гэж харагдаж байна. Нөгөө талдаа зөвхөн ажлаа хийж, ард түмний асуудлыг шийдэхээс албан тушаалын явцгүй улс төрийг өрнүүлэхгүй гэж НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн мэдэгдэж байна.
Дашрамд сонирхуулахад Нийслэлийн засаг даргыг огцруулах эсэх асуудлыг засаг даргын мөрийн хөтөлбөртэй холбогдуулан хэлэлцдэг. Энэ нь мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй, эсвэл хэрэгжүүлэхгүй байгаа нөхцөлд энэ яриа өрнөдөг гэхэд болно. Харин Аз жаргалтай Улаанбаатар хөтөлбөрийн хувьд НИТХ баталж, бас шахаж ажиллаж байгаа учир хэрэгжих боломжтой гэж Нийслэлийн МАН-ынхан харж байгаа гэнэ.